Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ,Таван толгой түлш ХХК-ийн төлөөлөл, “Зөв мэдээлэл холбоо” ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалтыг “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-оос санаачлан зохион байгууллаа.

Уулзалтаар ирэх наймдугаар сард гэр, байшин дулаалах аянг зохион байгуулах, сайжруулсан түлшний нөөцлөлт, түгээлт, хэрэглээ болон түлш борлуулах гэрээт борлуулагчдыг сургалт зохион байгуулах, хэрэглэгчидэд мэдээлэл хүргэх талаарх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга “Байгууллагын төлөөллүүд уялдаа холбоо, мэдээллээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бүрт үр дүнгийн тайлан өгнө. Харилцаа холбоогоо нэгтгэсэн иргэд олон нийтэд хүртээмжтэй ажлууд эхлэх учраас хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Уулзалтанд ирсэн байгууллагуудын төлөөллүүд ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцоод хийх ажлын төлөвлөгөөгөө нэгтгээд дахин хуралдахаар тогтов.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс