Өчигдөр Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр шинэлэг санаачилга, санал хүсэлт гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй биечлэн уулзлаа. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүргийн дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, хамтарч ажиллах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзсан юм. Уулзалтад Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын удирдлагууд оролцсон байна.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн  “Цэвэр байгаль системчлэл” боловсруулснаа танилцуулж, нийслэлд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тэрбээр, нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгаа танилцуулав. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхөөс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж, бага хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч, дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой. Хатуу хог, аюултай хаягдал, төмөрлөг гэж ангилснаар хог хаягдлын овор 10 дахин багасаж, 8937 хүний ажлын байр бий болно гэжээ. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон бусад холбогдох албаныхан оролцсон ажлын хэсэг байгуулан, иргэн Г.Лхагвасүрэнгийн санаачилгыг судалж, хог хаягдлын менежментийг боловсруулан дүгнэлт гаргаж, он дуусахаас өмнө Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болов.

ХХ зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барьж, байгуулах газрын зөвшөөрөл хүсэж уулзсан хүн бол “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун байлаа. Түүний  хувьд Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олны дунд ам дамжин өнөөг хүрсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ илэрхийлсэн. Б.Шаравын онцлох таван бүтээл олонд танигдсан ч нийтдээ 100 гаруй бүтээл туурвисан алдартан гэдгийг онцоллоо. Мөн кинонд гардагчлан тэнэмэл зураач бус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, удам дамжсан нэрт уран бүтээлч талаас нь олонд таниулах, хүмүүсийн мэддэггүй бүтээлүүдийг нь сурталчлах үүднээс цогцолбор байгуулахаар санаачилсан байна. Түүний саналыг сонсож, хөшөө дурсгал барьж байгуулах болон газар олголтын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Мөн, Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг уулзалтад оролцов. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэйгээ илэрхийллээ. Смарт платформыг “Эрин эверест интернэшнл” дунд сургуульд 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлжээ. Энэ платформ нь цахим бугуйвчийн тусламжтай багш, сурагчдын ирц бүртгэн, хүүхдийн биеийн халууныг хэмжин, 1.5-2 метрийн зай барьж буй эсэхийг ч хянаж, дуут дохио өгөх шинэлэг үйлчилгээтэйг онцлов. Ингэснээр багш нарын гэрийн  даалгавар засахыг хөнгөвчилж, ирц бүртгэх, халуун хэмжих, халуун хэмжигч багаж төхөөрөмж авах зардлыг 80 хувь бууруулжээ.

Энэхүү шинэлэг технологийг нийслэлийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. Монголын бүтээмжийн төвийн тухайд нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллагын хувиар энэ ажилд санаачилгатай оролцохоо илэрхийлж байлаа. Харин Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэхийг даалгав.