УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УУХҮ-ийн сайд Д.Сумъабазар хийсэн юм.

Уг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Алт бол ард түмний өмч. Тэгэхээр алт ард түмний гар дээр очих ганц зам нь юу вэ. Энэ зам бол татвар. Тиймээс татвараа нэмэх шаардлагатай. Монгол шиг алтан дээр 2.5-хан хувийн татвар авдаг улс байхгүй. Нөгөөтэйгүүр бид үүнийг нэг их үндэсний үйлдвэрлэгчид гэж харахгүй. Татвараа нэмээд хуулийн дагуу хяналтаа сайжруулах хэрэгтэй. 

Алтны тухай хуультай холбогдуулаад алтны хулгайтайгаа тэмцмээр байна Сумъяабазар сайд аа. Хамгийн шударга дүртэй Т.Аюурсайхан гишүүн хууль бусаар Булган аймагт алт ухаж байгаа. Түүний дүү нар нь гэсэн. Т.Аюурсайхан гишүүн тэднийгээ өмөөрөөд битгий дарамт шахалт үзүүлээрэй гэж ярьж хэлээд явж байгаа. Алтны лицензийг хэн авч байна вэ гэхээр ихэнхийг нь эрх мэдэл бүхий мэдээлэлд ойрхон хүмүүс авч байна. Алтыг тэр бололцоотой хүмүүс л ухаж байна. Энгийн иргэд алт ухаад байгаа юм байхгүй. Нөгөө яриад байдаг 30 гэр бүл ухаад байна. Тэгэхээр алтыг татвараар иргэдийн гарт хүргэе. 

Төр байгаа юм бол хууль хяналтаа гаргая. Төрийн хатуу нударгыг ийм зүйлд гаргая. Өөр зүйлд хатуу нударга гаргамааргүй байна. Алтны хишиг ард түмэнд татвараар очиж, сургууль, цэцэрлэгээ барьмаар байна. Хяналтаа сайжруулмаар байна. Эдийн засаг муу байгаа энэ үед үнэхээр эдийн засгаа татъя гэж байгаа бол татварынхаа орлогыг алтан дээр нэмэгдүүлэх шаардлагатай" гэдгийг хэллээ.