Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын бүсчлэлийн дүрэм батлах тухай, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай, Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва танилцуулав.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай холбоотойгоор санал хэллээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан "Би ийм зүйл ярих гэж буйдаа иргэд болон төлөөлөгдөөсөө хүлцэл өчье. Нийслэлийн удирдлагад С.Амарсайхан гэж урагшгүй, бүтэлгүй хүн байна. Энэ хүн ажил, албан тушаалын төлөө улааран тэмцэж, Нийслэлийн Засаг дарга болсон. Харамсалтай нь хүссэн албан тушаал дээрээ очсоноос хойш өнгөрсөн хугацаанд юу ч хийсэнгүй. Чиний хийж хэрэгжүүлсэн гэж сурталчлаад байгаа ажлууд дотор иргэдийн өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн зүйл нэг ч алга. Зөвхөн дүр эсгэсэн, хэлбэр төдий, бусдын санаачлан эхлүүлсэн ажлуудыг дурдсан байна.

Чиний ноцтой алдааны нэг том жишээ бол төрийн мэргэшсэн албан хаагчдыг хуулийн үндэслэлгүйгээр дур зоргоороо халж, сэлгэж байна. Өнөөдөр нийслэлд төрийн албан хаагчид айдас хүйдэст автаж, ажлаа хэвийн явуулах боломжгүй болсон байна. Нийслэлийг удирдана гэдэг компани удирдахтай огт адилгүй шүү С.Амарсайхан аа. Өнөөдрийг хүртэл нийслэлийн байгууллагуудын ажлыг дүгнэж, энэ оны зорилтыг батлаж, контракт гэрээ байгуулаагүй байна. Тиймээс нийслэлийн ажил зогсонги, бүтээн байгуулагт огт хийгдэхгүй байна. 

Түүнчлэн чи дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийгөө засаг дарга болоход дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг шагналын журмаар Засаг даргын орлогчоор томилсон чинь үнэн. Мөн агентлагийн улирдлагуудыг бэлэг, шагналын журмаар халж, сольж байгаа чинь, Туулын бургасыг хадаж, нийслэлчүүдийг усгүй болгох гэж байгаа чинь ч үнэн. Бодит үнэнийг хэлж, өөрийг чинь шүүмжилж байгаа хүмүүсийг хэвлэлээр гүтгэж, гутаан доромжилж байна. Ийм ёсзүйгүй, шударга бус, хувийн эрх ашгаа нийслэлчүүдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг энэ хүн Нийслэлийн Засаг даргын албанд тэнцэхгүй. Тиймээс хэлэлцэх асуудлын жагсаалтад Засаг дарга С.Амарсайханыг огцруулахыг асуудлыг оруулж өгөхийг хүсэж байна. Энэ хүнийг огцруулахын төлөө би эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ" хэмээлээ.

НИТХ-ын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан оролцож буй юм. Хуралдаан үргэлжилж байна.