ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийжээ. Хурлаараа ШИНЭ ЭВСЭЛ-ээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн талаарх онцлох мэдээлэл, их хэмжээний өртэй, яллагдагчаар тооцогдсон этгээдийг СЕХ бүртгэхгүй байх шаардлага зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

Хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал: 

ШИНЭ эвслийн нэр дэвшигчдийн дундаж нас 48. ШИНЭ нам, эвслийн зүгээс хуулийн хугацаанд багтааж нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргаж, СЕХ-нд өглөө. Тус эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүсийн статистик мэдээллийг хүргэе. ШИНЭ эвслээс нийт нэр дэвшигчдийг цолоор нь ангилбал, 8 доктор, 28 магистер байна. Ажил мэргэжлээр ангилбал, эдийн засагч-санхүүч 16, инженер 15, хуульч эрхзүйч 12, их эмч, багш 8, нийгмийн ухааны салбарын төлөөлөл 5, улс төр судлаач, төрийн удирдлагын судлаач 4, малчдын төлөөлөл 3, мэргэжлийн холбоод болон геологич, биологич, архитекторч гэсэн мэргэжлийн хүмүүс 7, иргэний нийгмийн төлөөлөл 3, хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн нэр дэвшсэн байна.

Насны хувьд дундаж нас 48. 25-40 насны залуусын төлөөлөл болж 10 хүн нэр дэвшсэн бол 40-50 насны 27 хүн, 50-аас дээш насны 37 иргэн нэр дэвшсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: 

ШИНЭ нам нэр дэвшигчдээ хамгийн эхэнд танилцуулсан. ШИНЭ эвслийн нэр дэвшигчид олон түмний шалгуураар орж ирсэн, ажил мэргэжилдээ тэргүүлэх чадвартай, бүхий л амьдралдаа эх орон, үндэстнийхээ төлөө, баялгийн хувьсгалыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж ирсэн хүмүүс. Цаашид манай нэр дэвшигчдэд олон түмнийхээ дэмжлэг, итгэлийг авч Монголын төрийг шинэчлэх, Монгол Улсад баялгийн хувьсгалыг хийх ийм томоохон үүрэг ногдож байгааг хэлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

ШИНЭ эвсэл, ШИНЭ намын зүгээс нэр дэвшигчидтэй холбогдуулан судалгаа хийж үзлээ. Нам, эвсэл, бие даагчид гээд нийт 700 гаруй нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Энэ 700 гаруй нэр дэвшигчийн дунд 100 гаруй яллагдагч, оффшор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, их хэмжээний өртэй, арилжааны хэд хэдэн банкийг дампууруулсан нөхөд нэр дэвшиж байгааг хараад харамсаж байгаагаа илэрхийлье. Улс төрийн намууд нэр дэвшилтэн дээрээ хариуцлагатай хандах ёстой гэдэг байр суурьтай байна. СЕХ зүсээ хувиргасан оффшорчид, авлигачид, ЖДҮ-ийн хулгайчдыг бүртгэж авахгүй байх тал дээр онцгой анхаарах байх гэж итгэж байгаагаа илэрхийлье хэмээн мэдэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “О.Баасанхүү, Б.Хурц, Л.Бадамжунай гуравтай холбоотой бичлэг гарсан байна. Шударга бусын хонгилын генерал нь дэслэгч нартаа, УИХ-д шургуулсан, араасаа цалинждаг, авлигаар ажилладаг дэслэгч нартаа яаж команд өгдгийг бид энэ бичлэгээс харлаа. УИХ-д ганц О.Баасанхүү биш, өөр “дэслэгч” нар ч цөөнгүй бий. Тэр хүмүүс Монголын төрөөр тоглосон. Эрдэнэт, Асгат, Цагаан суварга, Багануур, Сүхбаатарын талбай, Хүүхдийн паркыг хулгайлсан. Эдгээр хүмүүсийг Монгол төрөөс зайлуулахын төлөө энэ удаагийн сонгуульд ШИНЭ эвсэл бүх хүч чадлаа дайчлан оролцох болно “ гэсэн юм.