НЬЮ-ЙОРК. /Forbes/. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг хоёр дахь удаагаа тэргүүлжээ.

“Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 114 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Жагсаалтыг лхагва гарагт бүрэн эхээр нь нийтлэх аж.

“Forbes” сэтгүүл дээрх жагсаалтыг гаргахдаа бизнес эрхлэгчдийн байдал, мөн тэд өөрсдийгөө "хэрхэн бүтээсэн" зэргийг харгалзан үздэг байна. Үүний тулд хэдий хэмжээний хөрөнгө өвлөн авсныг, эцэг эх нь хэр баян байсныг, түүнчлэн амьдралд нь тулгарч байсан бэрхшээлүүдийг судалдаг аж. Өнгөрсөн жилээс эхлэн “Forbes” мөн “филантропийн түвшнийг” хэмждэг болсон бөгөөд буяны үйлст хэдий хэмжээний мөнгө хандивласныг, хандив нь тэдний нийт хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байгааг сэтгүүлчид тооцоолон гаргадаг болжээ.

Безосын салалт түүхэн дэх хамгийн үнэтэй салалт байсан хэдий ч тэрбээр жагсаалтыг тэргүүлсэн байна. Эхнэр Маккензи нь “Amazon” компанийн 19.7 сая хувьцаа буюу 4 хувийг нь авчээ. Харин Безост компанийнх нь үнэт цаасны 12 хувь нь үлдсэн байна. Тэднийг долдугаар сарын эхээр албан ёсоор салах үед “Amazon”-ы хувьцааны 4 хувь нь 38.3 тэрбум  ам.долларын үнэтэй байв.


Эх сурвалж: Монцамэ агентлаг