Peak.mn
11 сарын 25, 2026
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан танхим”-д эхэллээ.

Анх 2017 онд “Хvчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл“ уриатайгаар зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү аян өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүчирхийлэл, дарамтад өртсөн хохирогчдын дуу хоолой, итгэл найдвар, үзэл санааг нэгтгэн өргөжин тэлж байна.
Энэ жилийн тухайд Бээжин+30 хэрэгжилтийн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулганаас (CSW70) гарсан дүгнэлтүүд болон 2025 оны цахим хүчирхийллийн эсрэг UNiTE аяны эрчийг үргэлжлүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудалд анхаарч, “Бодит ба цахим орчинд Шударга ёсыг хангах, Хохирогчийг хамгаалах, болон Ял шийтгэлгүй үлдэх байдлыг (Ял завшилтыг) эцэслэе” уриаг дэвшүүлсэн юм.
Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж буй тус аяны нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ЯАП ВАН ХИЕРДЭН, Европын холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ИНА МАРЧЮЛЁНИТЕ нар тус тус урилгаар оролцож нээлтийн үг хэллээ.

Аяны нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн Газраас анхаарч буй чиглэл”, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э. Баярбаясгалан “Жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүн”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа “Хохирогчдод үзүүлж буй үйлчилгээ, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус мэдээлэл хийж, арга хэмжээнд оролцогч төр, төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн түншлэгчид санал бодлоо солилцлоо.
Энэ жилийн аяны уриа, агуулга дор Монгол улс “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, Хохирогчдыг хамгаалж, Ял завшилтыг эцэслэе” уриаг дэвшүүлж, нэгдүгээрт, хууль эрх зүйн орчинд шударга ёсыг хангах, хуулийн хэрэгжилтийг хангаж, сайжруулах, хоёрдугаарт,ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэж, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд аяны үйл ажиллагааг чиглүүлж, залуучууд руу чиглэсэн олон талт арга хэмжээг төлөвлөсөн байна.


Тухайлбал, тусламжийн утас, НЦҮТ, Түр хамгаалах байрны талаарх мэдээллийг түгээж, тусламж шаардлагатай эмэгтэйчүүдэд хүртээмжтэй байхыг уриалж, хохирогч төвтэй зарчмаар хохирогчийг хамгаалах, цахим хүчирхийллийн үед дахин хохирохоос урьдчилан сэргийлэх журам, стандарт нэвтрүүлэхийг шаардах. ХЗДХЯ, ЕПГ, ЦЕГ зэрэг хууль зйүн бодлого, хууль сахиулах байгууллагын тоо баримтыг нээлттэй болгох, алба хаагчдыг сургах, хохирогчийг буруутгахгүй байх зарчмыг бүх түвшинд нэврүүлэхэд хуулиар үүрэг хүлээгч бүх талууд хамтран ажиллах юм.
Аяны хүрээнд өрнүүлэх олон талт арга хэмжээний үр дүнд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Технологи ашиглан үйлдэгдэх жендэрт суурилсан хүчирхийллийг тодорхой зааж, хариуцлага хүлээлгэх чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголт бий болох, жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэх суваг, үйлчилгээний төрлүүд, НЦҮТ, түр хамгаалах байр болон тусламжийн утасны талаарх иргэд, олон нийт, залуучуудын мэдлэг нэмэгдэх, хэвлэл мэдээллийн байгууллагын бодлого, үйл ажиллагаанд хохирогчийг буруутгахгүй байх хандлага, стандарт нэвтрэх, хууль сахиулах салбарт жендэрт суурилсан хүчирхийллийн дата, мэдээллийг цуглуулах, тархаах туршлага чадавх бэхжих юм.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд байгууллага хамт олноороо нэгдэхийг уриалж байна.
ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, Хохирогчдыг хамгаалж, Ял завшилтыг эцэслэе”
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.