УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож өнөөгийн улс төрийн байдал, нам доторх хагарал, чухам яагаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа талаараа дэлгэрэнгүй ярьсан юм. Ярилцлагын онцлох агуулгыг тоймлон хүргэж байна.

#1 Зөвлөх Т.Зөнбилэгийн аав бол СГЗ, Болор цомын эзэн, яруу найраг Д.Төрбат. Би энэ хүний хадаг барьж орсон шавь нь. Тэр явдлын тухайд бол мэдэгдэл хийхийн өмнөх шөнө над руу багш залгаж “Чиний хийсэн улс төрийн мэдэгдлээс болж хүүхэд маань амь насаараа хохирох дээрээ тулаад байна” гэж хэлсэн. Эхнэр рүү нь, туслах руугаа ч залгалаа. Болсон явдлыг үнэн гэж хэлсэн, мэдээж би зөвлөхдөө итгэсэн. Ингээд тухайн оройн нь тэр талаарх пост бичсэн. Гэхдээ тэр цаг үе нь үеэлүүдийн маргаантай давхацсан хэрэг болсон юм билээ. Энэ хэргийг нягтлаагүйгээр түргэдэж мэдээлэл хийсэн нь миний алдаа учраас хүлцэл өчиж байна. Гэхдээ би ЖДҮ хөгжүүлэх зээл аваагүй, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Зөвлөхдөө итгэж, түргэдсэн.


#2 Зайсанд амьдарч байсан байрыг маань хадмууд өгсөн. 800 сая төгрөгийн үнэтэй.  Энэ байраа зараад дээр нь Чингис хаан банкнаас 150 мянган ам.долларын зээл авч дээр нь эхнэр маань нэхмэл, оёмол, сүлжмэлийн үйлдвэрийнхээ зарим тоног төхөөрөмжийг зарсан. Хэдэн төгрөгөөр худалдсан, хэнд худалдсан зэрэг нь гэрээ, үнэ өртгөөрөө байгаа. 


#3 2007 онд би АНУ-д Жорж тауны их сургуульд суралцахаар явсан. Тухайн үед би дөнгөж 26-27-той залуу байлаа. Надад тэр үед эрх мэдэл албан тушаал байгаагүй. Тэнд казиногоор орж гардаг байсан минь үнэн. Гэхдээ би хууль бус мөнгөөр тоглоогүй. 5-10 доллараар сонирхоод тоглосон. Харин намайг казиночин гээд цоллоод байгаа нэр бүхий том дарга надтай адилхан тэнд явж л байсан, таарч л байлаа. Өөрсдөө өчнөөн төчнөөн мөнгөөр тоглож байсныг нь би мэднэ. Гэхдээ нэрийг нь хэлээд яахав.


#4 Албан тушаал үүрдийн биш. Үүнийг би Ерөнхий сайдад ч хэлсэн. Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал бол хариуцагагүйн зуд юм. Өнөөдрийн хувьд амиа бодсоноос намаа, намаа бодсоноос улсаа бодсон нь дээр байна. Хувь хүний эрх ашиг гуравдугаарт орно. Ийм шалтгаанаар би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зарчим таарахгүй байгаа юм. Намын дарга, удирдагч хүн эвлүүлдэг байтал эсрэгээрээ сэлэмдэнэ, сүхдэнэ гээл байвал хол явахгүй.Том булчингаар төрийг удирдахгүй, том ухаан, том ёс суртахуун, том эв нэгдлээр удирдана.

Бид хоёр өмнө нь хувь хүнийхээ хувьд нэгэндээ тус болж явсан. Намайг “Үнэн” сонины эрхлэгчээр тавьж, би ч Австралид байхад нь дуудаж Шадар сайд болгож байлаа. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Өнөөдөр газар дээрх ганц намын даргаа шүүмжилсэн намайг намаас хөөнө, барина, хорино шүү гэж адлуулаад явж байна. Иймэрхүү байдлаар төрийн эрхийг барьж байгаа намын даргаас гарахааргүй авирыг У.Хүрэлсүх  гаргах болсон. Намын дотор дотоод ардчилал байх ёстой. Зарчимгүй, ёс суртахуунгүй алхмыг би зөвшөөрөхгүй.Тийм учраас нүдэн дээр нь үүнийг хэлсэн. Би хүнээс далдуур хүнийг мууг үздэг хүн биш.


#5 Би М.Энхболд гэдэг хүнийг, 60  тэрбумын асуудлыг өмөөрөөд байгаа юм хүн биш. 60 тэрбумын асуудлыг АТГ шалгаад, прокурор хянаад хэрэг биш байна аа гээд буцаачихсан. Ерөнхий сайдын мэдэлд 100 хувь байдаг ТЕГ дахин хэрэг нээгээд шалгаж байгаа гэнэ лээ

60 тэрбумын хэргийг би худлаа гэж хэлэхгүй, үнэн ч гэж хэлэхгүй. Хууль хяналтын байгууллагууд нь шалгаад хэн нь хэдэн төгрөг өгөөд ажилд орсоныг нь баримтаар нотолчих юм бол хариуцлагаа хүлээг л дээ. Хэрвээ энэ схем хэрэгжсэн нь үнэн юм бол Ерөнхий сайд баримт гаргаад ярих хэрэгтэй. Ерөнхий сайдын төрсөн дүү яамны газрын дарга хийж байгаа. Төрсөн эгч нь гаалийн лабораторийн дарга. Энэ 60 тэрбумын схем үнэн юм бол хэнд, хэдэн төгрөг төлөөд энэ албан тушаалд очсон талаар ярих хэрэгтэй. Тухайн үед би Ц.Сандуйтай ярихад ийм төлөвлөгөө хийсэн нь үнэн, хэрэгжээгүй гэсэн. Уг нь У.Хүрэлсүх дарга хүртэл энэ төлөвлөгөөг хараад сайн байна гээд 100 татаад зураг авахуулчихсан зүйл бий.


#6 Нам бол намын даргын компани биш. Нам бол хамтын удирдлагын байгууллага. Цэргийн анги биш. Намыг зарчмаар, эв нэгдлээр хамтын удирдлагаар удирдана.


#7 Засгийн газар ч огцор, УИХ нь ч таръя гэж би хэлсэн. УИХ тар гээд хэлчихсэн чинь УИХ-ын бусад гишүүд маань чи юу яриад байгаа юм гэсэн, Засгийн газар огцор гэсэн чинь сайд нар намайг үзэж чадахаа больсон, намаа зарчимтай болгоё гэсэн чинь намаа муухай харагдууллаа гэх юм. Би хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л байдалд ороод байна.


#8  Жижиг дундаас зээл авсан сайд, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооц, хэрвээ тэрхүү мөнгийг угаасан бол огцруул гэж шаардлага тавьсных нь төлөө Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулж байна. Шударга ёс ярьдаг хүнд шударга ёсны шаардлага л тавьсан. Гэтэл Ерөнхий сайд маань ЖДҮ-ийн зээл авсан сайд нараа хамгаалаад байна. Бүр мөрөөрөө ажлаа хийж байгаа хотын даргыг ажлаа өг гэж шаардаад, ямар ч хамаагүй агентлагийн даргыг халах гэж байна. Засгийн газар бол ард түмнээс биш УИХ-аас сонгогддог. Хэрвээ хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарахаас өөр арга байхгүй. УИХ-ыг таръя гээд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гурван гишүүн зурсан.