Жолооны үнэмлэхийг энэ сард багтаан хэвлэхээр төлөвлөж байгаа тухай ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тавдугаар сарын 3-ны өдөр нээсэн.

Тендер шалгаруулалтад таван байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна. Тиймээс тендер дахин зохион байгуулагдаж, үнэмлэх хэвлэлт түр хугацаагаар хойшлогдоод  байжээ. 

Одоогоор тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон техник тоног төхөөрөмжөө нийлүүлсэн, техникийн тохиргооны ажлууд хийгдэж байгаа юм байна. Эхний ээлжинд үнэмлэхээ солих, нөхөн олгох захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэх юм байна.