Уран бүтээлчдийн хийсэн кино, зохиолыг хулгайлан хууль бусаар сошиалаар тарааж буй хэргүүд удаа дараалан гарч байна.

Тухайлбал, Фантастик прадакшны бүтээсэн "Байтаг богд" түүхэн сэдэвт уран сайхны киног хулгайлан, фэйсбүүкээр тарааж байна гэдгийг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, СТА жүжигчин Г.Ундармаа оюуны бүтээл болсон кинонуудыг хулгайлахгүй байх, хулгайлсан дуу, дүрс муутай киног үзэхгүй байхыг нийт иргэд, үзэгчдэд уриаллаа. 

Тэрээр уриалгадаа "Та нар яах гэж кино үздэг вэ? Ихэнх хүмүүс тархиа амрааж, кайф авах гэж, ажлынхаа ядаргааг тайлж, чөлөөт цагаасаа 2 цагийг зориулан кино үздэг. Тиймээс чанартай дуу дүрстэй, том дэлгэцээр, тохирсон орчинд нь киног үзвэл жинхэнэ кайфыг мэдэрч, киног үзсэн шиг үзнэ. Кино театрт үзэж амжаагүй бол цэнхэр дэлгэцийнхээ урд, гэр бүлээрээ хамт суугаад, аяга хоол, тагш цайгаа барин, хань ижил үр хүүхэдтэйгээ инээж, ханиан кино үзэх нь жаргал юм.
Харин утасны жижигхэн дэлгэц, компьютерийн ард сууугаад дуу нь бүдэгхэн, дүрс нь чанаргүй, хэн нэгэн хулгайчийн хумсалсан чанаргүй бичлэгийг үзэх нь танд ямар кайф авчирч байна вэ? Жүжигчдийн өмссөн хувцас, нүүрний хувирал, арын объект ч анзаарагдахгүй киног үзээд юуг ойлгов? Тиймээс бүгдээрээ хамтдаа оюуны өмчийг дээдэлж үнэлэхийг уриалж байна" гэжээ. 

Оюуны бүтээлийн хулгайчидтай хатуу арга хэмжээ тооцохоор бүх уран бүтээлчид нэгдсэн гэдгийг мөн тэрээр цахим хуудсаараа мэдэгдээд байна.