НУР-СУЛТАН. /Kazinform/. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд өнөөдөр түүхэн сонголтоо хийж байна. Тус улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт 06 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгууль нь Казахстаныг 30 жил удирдсан Нурсултан Назарбаевын нэр саналын хуудсан дээр анх удаа байхгүй байгаагаараа онцлог юм.


Нурсултан Назарбаев энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж, төрийн жолоог Касым-Жомарт Токаевт шилжүүлэн өгсөн бол Токаев удалгүй ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарласан билээ.


Одоогийн сонгуулийн бас нэг онцлог бол нэр дэвшигчдийн тоо юм. Энэ жил хамгийн олон буюу долоон хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд өмнөх сонгуулиудад дөрвөөс хэтэрдэггүй байжээ. Сонгуульд ялах хамгийн өндөр магдлалтай нэр дэвшигч бол маргаангүй одоогийн төрийн тэргүүн Токаев юм. Учир нь Назарбаев түүнийг өөрийн залгамжлагч хэмээн ил тодоор зарласан билээ. Токаев санал хураалтын дүнд сонгуульд ялахад зайлшгүй шаардлагатай 50-иас илүү хувийн санал авч магадгүй гэж Казахстаны шинжээч, улс төр судлаачдын дийлэнх нь үзэж байна.


Казахстаны одоогийн төрийн тэргүүний зургаан өрсөлдөгчийн хувьд сонгуульд ялахын төлөө өрсөлдөх бус харин хоорондын харилцан хамаарал хэр их болохыг олж мэдэх юм. Тэдний үзүүлсэн үр дүн алсдаа парламентын сонгуульд ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.


Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг дурдвал, "Улт тагдыры" /"Үндэстний хувь заяа"/ үндэсний эх орончдын нэгдсэн хөдөлгөөнөөс нэр дэвшигч, өдгөө 54 настай Амиржан Косанов, "Ак жол" /"Гэрэлт зам"/ Ардчилсан намыг төлөөлж байгаа анхны эмэгтэй нэр дэвшигч, парламентын доод танхимын гишүүн, 58 настай Дания Еспаева, Казахстаны Коммунист ард түмний намаас нэр дэвшигч, 58 настай Жамбыл Ахметбеков, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэрийг нь дэвшүүлсэн, 59 настай Амангельды Таспихов, "Ауыл" Ард түмний ардчилсан намын нэр дэвшигч, 54 настай Толеутай Рахимбеков, бүгд найрамдахчуудын "Улы дала кырандары" /“Их талын бүргэдүүд”/ хөдөлгөөнөөс нэр дэвшигч, 64 настай Садыбек Тугел нар юм.


Казахстаны сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, ням гарагт тус улсын 11.95 сая орчим сонгогч сонгуулийн 9970 хэсэгт санал өгөх эрхээ эдэлнэ. Түүнчлэн гадаадад буй сонгогчид 65 хэсэгт саналаа өгнө.


Эх сурвалж: Монцамэ агентлаг