Британийн Кино академийн шагнал гардуулах ёслол BAFTA-д хүмүүс хар өнгийн хувцас өмсөж очжээ. Энэ нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг таслан зогсоох "Time's Up" хөдөлгөөнд нэгдэж буйгийн илрэл байв. Жүжигчид, нэр алдартай хүмүүс нэгдүгээр сард болсон Алтан бөмбөрцөг кино наадамд ч мөн ижил өнгийн хувцсаар жигдэрсэн билээ. 

Хар хувцастай одуудын дунд нэгэн хатагтай их л тод чамин харагдаж байсан нь Кембрижийн гүнгийн авхай байлаа. Тэрбээр өнгөрсөн оны Bafta кино наадамд хар даашинз өмсөж оролцсон бол энэ жил бараан ногоон өнгөтэй Jenny Packham-ийн даашинз өмсөж олноос сөрсөн юм. Ногоон даашинзаа гүнгийн авхай хар өнгийн өсгийтэй гутал, гар цүнх болон маргад эрдэнийн гоёлоор чимжээ. 

Гүнгийн авхай хар хувцас өмсөөгүй нь шалтгаантай. Дээдсийн гэр бүл улс төрийн ямар нэг үзэл суртал илэрхийлсэн зүйл хийхээс хэзээд татгалзаж ирсэн. Кенсингтоны ордноос ч үүнд ямар нэг хариулт өгөөгүй. Үнэт эдлэлийн дархан Анна Шеффилд "Маргад эрдэнэ хэзээнээс л эмэгтэй хүний хүч чадлыг бэлгэдэж ирсэн. Мөн Венус, Умина тэргүүтэй эртний Перугийн эмэгтэй бурхадтай холбогддог" хэмээн Today.com-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүнээс нь улбаалан хүмүүс гүнгийн авхайг зүүсэн гоёл чимэглэлээрээ өөрийн байр суурийг илэрхийлсэн гэж өмөөрч буй. 

"I, Tonya" киноны жүжигчин Эллисон Женни "Би хүнийг хувцасны сонголтоор нь хэзээ ч шүүмжлэхгүй. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан, бас ахиад хөл хүнд болсонд нь би туйлын баяртай байна. Тэр бол гайхалтай эмэгтэй, хүссэнээ өмсөх эрхтэй" гэж өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.