“Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна.

Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой аж.

Холливуд Монголд төслийн удирдагч А.Баярцэцэг "Харин дэлхийн хэмжээний Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг эх орондоо уриад тэдний туршлагаас суралцах, хамтран ажиллаж ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт Холливудын хэмжээний уран бүтээлийн зураг авалт явагдах хүртэлх алсыг харж байгаа" гэв. 

Монголд нийт 16 уран бүтээлч ирэх аж. Одоогоор манай оронд зочлохоо 13 уран бүтээлч хүрэлцэн ирэхээ баталгаажуулсан байна.  Тэдний дунд "Хаадын тоглоом", "Дайчин", "Марко Поло" зэрэг киноны найруулагч Дэвид Петрарка, Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак нар багтжээ.