Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүд, ард иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна.

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр болгон зарласнаас хойш Монголын үе үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянган хүн гүтгэгдэн амь нас, эрүүл мэнд сэтгэл санаа, амьдрал, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон байдаг.

“…Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээллээ.

Мөн 36 мянга орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 31263 иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгасан байна.