“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар прокурорын байгууллагад хандаж, өргөдөл гаргажээ. Тэрбээр өргөдөлдөө У.Хүрэлсүхтэй холбоотой утасны яриаг чагнаж, бичиж авч, тараасан хүнийг олж хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүссэн байна.  Мөн тэрбээр “Миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улс төрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж байна. Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм.

Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа нэг үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй, жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш. Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж өгнө үү" гэжээ