Саруулын Ариунжаргал
02 сарын 01, 2019
Та өөрийн бизнес үйл ажиллагаандаа вэб сайттай болохоор шийдсэн бол танд баяр хүргэе. Яагаад гэвэл та борлуулалт, маркетинг, хэрэглэгчтэй харилцах шинэ суваг, шинэ багажтай болж буй юм. Тэгвэл энэ багажаа хэрхэн бүтээх вэ гэдэг асуултад хариулах зорилгоор дараах нийтлэлийг хүргэж байна.
#1. Вэб сайтынхаа зорилгыг тодорхойлох
Дийлэнх вэб сайтаа хийлгэж байгаа хүмүүс вэб сайтынхаа зорилгоо буруу тодорхойлсноос эсвэл тодорхойлсон зорилгынхоо дагуу ажиллуулж чадаагүйгээс болж сайтаа тултал нь ашиглаж чаддаггүй. Вэб сайтын тухай ойлголт 10 жилийн өмнөхөөс өнөөдрийн түвшинд эрс өөрчлөгдсөн бөгөөд зөвхөн танилцуулга хэмжэнээс аль хэдийнээ даваад, маркетинг борлуулалтад өндөр үүрэгтэй оролцдог болоод байна. Вэб сайтын зорилгыг том жижиг их багаас үл хамааран үндсэн 2 том ангилалд хувааж болохоор байна. Үүнд:
1. Борлуулалтын өмнөх буюу LEAD (сэжим) олох
2. Борлуулалтын дараах буюу хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэх, халамжлах
Таны вэбсайт дээрх 2 зорилгыг дангаар, мөн хавсран гүйцэтгэх зорилго, зохион байгуулалттай байх боломжтой. Мөн зарим байгууллага хүний нөөцийн хэлтэстээ анкет бүртгэх зорилгоор ашигладаг.
#2. Домэйн нэрээ сонгох
Домэйн нэр сонгох нь таны бизнесийн хувьд чухалд тооцогдох алхам юм. Домэйн нэр нь дан ганц танайхруу орох хаягаас гадна бизнес имэйлийг энэхүү домэйн нэр дээрээ авах боломжтой болдог (жнь: sales@greensoft.mn). Домэйн нэр гэж юу болох талаар болон домэйн нэрээ хэрхэн зөв сонгох талаар манай өмнөх нийтлэлүүдээр дэлгэрүүлж уншаарай.
#3. Вэб сайт хийлгэх компаниа сонгох
Вэб сайтаа хэнээр хийлгэх гэдэг чухал алхмуудын нэг мөнөөсөө мөн. Хамтрагчаа буруу сонгосноосоо болж өөрийн цаг, мөнгөөр хохирч, хамгийн сүүлд нь хэн ч хэрэглэх боломжгүй кодтой үлдээд аваад явах уу хаяад явах уу гэдэг хэцүү сонголттой тулгарсан жишээ маш олон. Танай компанийн санал бодлыг ажил хэрэг болгож урт хугацаанд найдвартай хамтрагч байх компаниа яаж сонгох талаар манай Вэб сайт хийх компаниа хэрхэн зөв сонгох вэ? зөвлөгөө нийтлэлээс уншаарай.
#4. Төсөв хугацаа
Вэб сайт хийхэд үндсэндээ дараах 3 төрлийн зардал гардаг.
1. Домэйн нэр: *.MN 88,000₮, *.COM 33,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
2. Вэб байршуулах буюу Hosting: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна / жил бүр төлдөг төлбөр /
3. Вэб сайт хийлгэх төлбөр. Энэ төлбөр вэбсайт хийж байгаа компаниасаа хамаараад харилцан адилгүй байдаг.
Вэб сайт хийх хугацааг мөн 2 үе шатанд хувааж үздэг.
Систем буюу вэб сайт бэлэн болох хугацаа /дизайн, админ хуудас гм/ + Агуулга оруулах хугацаа /Вэб сайтын мэдээлэл/ = Нийт хугацаа
#5. Агуулгаа бэлтгэх
Цахим хуудас хийлгэж байгаа хүмүүсийн хамгийн том шийдэх асуудал бол өөрийн агуулгаа бэлтгэх байдаг. Ихэвчлэн хүмүүс хэт их цэс агуулга төлөвлөн өөртөө ТОМ даваа бий болгон түүндээ түүртдэг. Та өөрийн агуулгаа сайтынхаа зорилготой нийцүүлэн төлөвлөх нь хэрэггүй олон хуудас төлөвлөн хийх эрсдэлээс зайлсхийхэд туслах болно.
Сайтын агуулгаа төлөвлөхдөө SITEMAP буюу цэсний бүтцээ урьдчилан төлөвлөн жагсааж бичин, түүнийхээ дагуу мэдээллээ бэлтгэх нь танд болон сайтын дизайн хийж байгаа хүмүүст хялбар байдаг. Сайтын цэсний бүтцээс хамааран дизайны өөр өөр шийдлүүд санал болгодог.
Вэб сайтын дизайны хувьд хамгийн чухал агуулга бол зураг байдаг. Зургийн өгүүлэмж, чанар тухайн агуулга хуудсыг хүмүүст богино хугацаанд ойлгоход дөхөм болгодог. Зургаа бэлтгэхдээ хамгийн том хэмжээтэй дэлгэцэнд чанар алдагдахааргүй, мөн гар утсаар үзэхэд тохиромжтой байдлаар бэлтгэх гэсэн 2 шаардлага гардаг. Бидний хувьд хамгийн багадаа 2000px ээс дээш өргөнтэй хэмжээтэйгээр зургаа бэлтгэхийг хэрэглэгчдээсээ хүсдэг. Энэ нь дийлэнх дэлгэцэн дээр тухайн зураг хангалттай чанартайгаар харагдах боломжийг олгодог.
#6. Вэб сайтаа нээх
Агуулгаа бэлтгээгүйгээс болж нээх хугацаа хойшлох, агуулга бэлэн болсон ч вэб сайтаа нээлгүйгээр хэдэн сар болсон жишээ ч бидэнд бий. Бидний өгөх зөвлөгөө бол "НЭГ ӨДРИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН ВЭБСАЙТАА НЭЭ". Учир нь таны сайт хайлтын системд нэг өдрийн өмнө INDEX хийгдэн (хайлтын системд бүртгэгдэн хайлтад гарч ирэх боломжтой болох) хэрэглэгчдэд хүрэх юм.
#7. Call to action - оор "булах"
Танай сайтаар зочилж байгаа хүмүүс бэлтгэсэн мэдээллийг чинь үзсэний дараа хийх үйлдэл нь маш тодорхой бөгөөд тэр нь хялбар бас олон байх ёстой. Жишээ нь танай үйлчилгээг сонирхож байгаа хүнд үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй өгчхөөд за энэ үйлчилгээг захиалах, эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахад нь зориулсан үйлдэл хийх товч хийж өгдөггүй. Хамгийн түгээмэл "Call to action" -ны жишээнүүд бол шууд худалдан авах товч, үнийн санал авах форм, борлуулалтын ажилтайн холбогдох утас хаяг, шууд чатлах товч, танай фэйсбүүкийн чат хэсэгрүү үсрэх товч, сошиал орчинд шэйр хийх товч ... гэх мэт жагсаалт цааш үргэлжилнэ. Тухайн хуудаснаасаа хамааран зайлшгүй шаардлагатай 2-3 call to action -уудыг заавал оруулж байгаарай.
#8. Сайтын хандалт болон зочдоо хэмжих
Сайтаа хийлгэсний дараа хандалт болон вэб сайт чинь борлуулалтанд хэрхэн туслаж байгаа талаар хэмжих нь сайтаа сайжруулахад чухал мэдээлэл болдог. Дийлэнх хүмүүсийн гаргадаг алдаа нь өөрийн хийсэн хуудсаа нэг удаа хийчихээд тэр чигт нь үлдээдэг байдал юм. Хэрэглэгчдийн тухай хуудсан дээр хэрхэн зочилж, үйлдэл хийж байгааг шинжлэн шаардлагатай үед сайжруулж баяжуулж хөгжүүлж байх нь чухал юм. Ингэж сайжруулахын тулд танд хэмжих боломж хэрэгтэй.
Сайтын хандалтыг хэмжих Google Analytics, Facebook Pixel, Alexa гэх мэт маш олон үнэ төлбөргүй сайтууд байдаг.
Эх сурвалж: Д.НАРАНЧУЛУУН (Вэбсайтаа төлөвлөх 8 алхам)
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.