Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар болж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд теле хичээл заадаг уламжлалтай.   

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлт хийгээгүй билээ. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад теле хичээл заахгүй. Түүний оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар хичээл заахаар болжээ.

Харин энэ жил сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залахаар болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан 159 дүгээр зарлигтаа "Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай" хэмээн тусгасан билээ.