Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн видеонууд хүүхдийн тархийг гэмтээж байна

Х.Оргил
07 сарын 09, 2026

Хүүхдэд зориулсан мэт харагддаг ч чанар муутай, утга зүйн холбоос сул, хиймэл оюун ухаанаар бүтээсэн богино видеонууд YouTube-т олноор гарч ирдэг.

Тэгвэл эдгээр видеонууд эцэг эхчүүд болон хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

The New York Times сонин бага насны хүүхдүүдэд санал болгож буй 1000 гаруй YouTube видеог хянаж үзэхэд, алгоритм “сургуулийн өмнөх насны хүүхэд”, “бага насны хүүхдэд зориулсан” гэж танилцуулсан, ихэвчлэн үсэг, амьтан, өнгө зааж буй мэт боловч утга зүйн хувьд будилаантай, AI-гаар бүтсэн байж болзошгүй богино видеонуудыг санал болгож байгааг тогтоожээ.

Тухайлбал, хүүхдүүдийн түгээмэл үздэг CoComelon, Bluey, Ms Rachel зэрэг сувгийн бичлэгийг үзсэний дараа YouTube Shorts-ийн санал болгох хэсэгт AI визуалтай байж болзошгүй видеонууд олноор гарч ирсэн байна. NYT-ийн нэг 15 минутын туршилтаар санал болгосон Shorts-ийн 40 гаруй хувь нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэл агуулсан мэт харагдсан гэж мэдээлжээ.

Эдгээр бичлэгийн зарим нь гаднаасаа “боловсролын контент” мэт харагддаг. Жишээ нь үсэг, тоо, амьтны нэр заах хэлбэртэй боловч дүрүүд нь бодит бус хөдөлгөөнтэй, үйл явдал нь учир зүйн холбоосгүй, дуу дүрс нь хэт хурдан солигддог байна. Зарим тохиолдолд хүүхдэд танил дүр, өнгө, хөгжим ашигласан ч агуулга нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хүүхдийн хөгжил судлаачид ялангуяа 5-аас доош насныхны анхаарал төвлөрөл, бодит ба хийсвэр зүйлийг ялгах чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг тул хэт хурдан, утга зүйн холбоосгүй, “анхаарал булаах” зорилготой контент тархинд илүү их ачаалал өгч болзошгүйг анхааруулжээ.

Хиймэл оюун ухаанаар бүтсэн контентын давалгаа зөвхөн YouTube-ээр хязгаарлагдахгүй байна. TikTok өнгөрсөн онд AI-гаар бүтсэн буюу өөрчилсөн 1.3 тэрбум гаруй видеог шошголсон гэж мэдэгдсэн. Тус платформ мөн хэрэглэгчид “For You” хэсэгтээ AI контент хэр их харахыг тохируулах боломжийг туршиж эхэлжээ.

Pinterest ч мөн хэрэглэгчдэд AI-аар бүтсэн зураг, дүрслэл бүхий контентыг багасгаж харах тохиргоо нэвтрүүлсэн. Харин YouTube 2026 оны нэгдүгээр сард эцэг эхчүүдэд хүүхдийнхээ YouTube Shorts үзэх хугацааг хязгаарлах, цаашлаад тэглэх боломжтой шинэ хяналтын тохиргоо зарласан байна.

Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хамгийн том асуудал нь эцэг эхчүүд хиймэл оюун ухаанаар бүтсэн контентыг танихад улам хэцүү болж буй явдал юм. AI хэрэгслүүдийн чанар хурдтай сайжирч байгаа тул зарим бичлэгийг технологийн мэргэжилтнүүд ч шууд ялгахад төвөгтэй болжээ.

Иймээс хүүхдэд дэлгэц ашиглуулахдаа зөвхөн “YouTube Kids” эсвэл “хүүхдийн тохиргоо” дээр найдах бус, үзэж буй сувгийг нь гараар шалгах, Shorts-ийн хэрэглээг хязгаарлах, насанд нь тохирсон баталгаатай боловсролын эх сурвалж сонгохыг хүүхдийн хөгжил, дижитал аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эцэг эхчүүдийн хувьд одоо хүүхдийнхээ “юу үзэж байна вэ?” гэдгийг харахаас гадна “энэ контентыг хүн бүтээсэн үү, эсвэл алгоритмд зориулсан хиймэл дүрс үү?” гэдгийг анзаарах шаардлагатай шинэ үе эхэлж байна.

Орчуулсан С.Мишээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.