АНУ: "Хиймэл оюун ухаан" нэршлийг "Супер интеллект" болгон өөрчлөв

Ч.Сумъяабазар
09 сарын 30, 2026

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гүйцэтгэх засаглалын бүх байгууллага, агентлагуудын хэмжээнд "Хиймэл оюун ухаан" (Artificial Intelligence - AI) хэмээх нэршлийг "Супер оюун ухаан" буюу (Super Intelligence - SI) болгон өөрчлөх тухай захирамжид гарын үсэг зурлаа.

Цагаан ордонд өндөр түвшинд болсон уулзалтын үеэр технологийн салбарын тэргүүлэгч гүйцэтгэх захирлуудыг өнгөрсөн Даваа гаригт хүлээн авч уулзсаны дараа уг шийдвэрийг гаргасан байна. Уулзалтад SpaceX болон Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, OpenAI-ийн захирал Грег Брокман, NVIDIA-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг болон бусад технологийн аварга компаниудын удирдлагууд оролцжээ.


Албан ёсны баримт бичигт "SI" гэж тэмдэглэнэ

"Супер интеллектийн эрин үеийг нээх нь" нэртэй уг захирамжид зааснаар холбооны засгийн газрын бүх яам, агентлагууд албан бичиг хэрэг, нийтийн харилцаа, веб сайт, тайлан болон бодлогын баримт бичгүүддээ "Super Intelligence" буюу "SI" гэсэн нэршлийг хуулийн дагуу ашиглах ёстой болж байна.

Уг өөрчлөлт нь өмнө нь батлагдсан хууль тогтоомж, гэрээнүүдэд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн цаашид гарахад албан ёсны шийдвэр, харилцаанд мөрдөгдөх юм.

Ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Энэ бол хиймэл зүйл биш, artificial гэхээр хиймэл, хуурамч сонсогдоод байна. Энэ хуурамч, хиймэл биш. Харин давуу чанартай оюун ухаан юм. Бид дэлхийн хамгийн ухаалаг, чадвартай хүмүүстэй хамтран технологийн нэршлийг албан ёсоор өөрчиллөө" хэмээн мэдэгдсэн байна.

Технологийн аюулгүй байдал 

Нэршил өөрчилсөн захирамжаас гадна АНУ-ын Засгийн газар болон AI-ийн тэргүүлэх компаниудын удирдлагууд технологийн аюулгүй байдлын сайн дурын стандарт, зохицуулалтын хүрээнд тохиролцоонд хүрсэн байна.

Уг тохиролцооны дагуу компаниуд шинэ кибер аюул, заналхийлэл, технологийн дэвшлийн эрсдэлийг үнэлэхэд Засгийн газартай хамтран ажиллах ба Конгресст ирэх 60 хоногийн дотор "Супер интеллект"-ийн хууль зүйн шинэ тодорхойлолтыг оруулж ирэх чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Эх сурвалж: https://www.forbes.com/