Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх мэдээлэл цацагдаад буй юм.

Мэдээллийнхээ үеэр Х.Мандахбаяр уг асуудалтай холбоотойгоор "Би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүй гүйтгэсэн. Би хотын даргатай холбоотой олон баримтыг дэлгэж байна. С.Амарсайхан дарга бид хоёр эртнээс бие биеэ мэднэ. Олон удаа уулзаж байсан. Найз нөхдийн харилцаатай гэж итгэж, нөхөрлөж явсан ч үе бий. Би ТВ8 телевизийг хуучин эзэн н.Баярмөнхтэй нь олон удаа гэрээ хийж байж, энэ онд худалдаж авсан. Телевиз худалдаж авах процесс удаан байдаг учраас эрх шилжүүлэх ажил явж байх үед ТВ8 телевизээр бургас хядаж, дээр нь байшин барьсан "Зүүнбаян рефайнери" компанийн мэдээллийг цацжээ. Сэтгүүлч н.Энэрэл тус мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Үүний маргааш телевизийн эфирийг хаасан. 

Телевиз хаагдсаны дараа ТВ8 над дээр бүрэн шилжиж ирсэн. Би "Оюуны ундраа" компанийн байранд байр түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан учраас шууд тэдэн рүү дайрч, хэрэлдэх муухай байсан учир "эвийн зарчмаар шийдье, өмнө нь ийм хэрүүл маргаантай байсан байна. Одоо та нар больчих. Та нарын хийсэн үйлдэл хэтэрхий муухай, увайгүй байна. Одоо хоёр талаас тохиролцоод би эфирээ нээлгэмээр байна "гэдэг зүйлийг ярьсан. Үүнээс хойш долоо хоног өнгөрөхөд байдал дээрдээгүй. Биднийг тохуурхсан байдалтай болж эхэлсэн. Би уг асуудалд хувийн өмч хөрөнгөө хамгаалсан эзний дүрээр яриагүй. Үүний цаана хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл, Монголын ардчилал байгаа. 

MNBC телевизийн үйл ажиллагааг тэсэж тэвчээгүй, ажилтан руу нь загнаж, ёс бус үг хэлсэн нь үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээлэлд хандаж, олон нийтийн сүлжээгээр хараал хэлж, дайрч давшилсан зүйл байхгүй. Хоёр хүний хоорондоо утсаар ярьсан яриаг хууль бусаар MNBC телевиз буюу "Оюуны ундраа" группынхэн олон нийтэд дэлгэсэн. Энэ яриаг дэлгэж тавина шүү гэж намайг дарамталж, хаалтын гэрээ хийхийг шаардсан. 

"Оюуны ундраа" групп болон охин компаниудынх нь талаар ямар нэгэн муу мэдээ цацахгүй, ТВ8 телевизийг буцааж залруулга хий, залруулга хийхдээ бургасны мэдээнээс биш техникийн шалтгаанаар хаагдсан гэж залруулга хий, сэтгүүлч н.Энэрэлийг удирдлагуудаас уучлал гуйлга гэсэн шаардлага надад тавьсан.

Үүнийг хүлээж авахгүй бол хүн дарамталж буй бичлэгийг цацна гэсэн. Би цац гэсэн. Бургас тайрсан нь, дээр нь байшин барьсан нь үнэн ш дээ. Энийг хэн ч сурвалжилсан бай Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй. Телевиз хаасан нь хамгийн том гамшиг. Өнөөдөр ТВ8-ыг хааж байна. Маргааш бүгдийг нь хаахад бэлэн, хамгаалалт ийм сул эрхзүйн орчин бидэнд байна" хэмээлээ.