УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. 

Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. 

Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдоно. 

Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгожээ. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм. Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулна гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. 

Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жил хорих ял оногдуулна. Харин зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна" хэмээлээ.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14  төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.