Х.Нямбаатар: Хамгийн эмгэнэлтэй нь Дээд шүүхийн Иргэний танхим хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон

Б.Баясгалан
12 сарын 05, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэгчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тус албан тушаалд Болдын Амарбаясгаланг нэр дэвшүүлж буйг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2018 оны гуравдугаар сард миний бие "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, шүүх засаглал авлигад эдэгджээ гэсэн асуудал ярьсан. Улмаар уг асуудал газар авч, шүүгч нарын авлига, хээл хахуулийн асуудлаар нийгэм даяараа шуугисан. Би шүгэл үлээсэн. Ганцхан хэрэгт л гэхэд Улсын Дээд шүүх, Анхан шат болон Давж заалдах шатны 17 шүүгч холбогдсон. Тодруулбал, Асгатын мөнгөний ордыг шийдвэрлэхдээ авлига, хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр манай шүүхийн системийн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлчихээд байгаа. Улмаар өнөөдөр шүүх засаглал уналтынхаа хамгийн доод шатанд хүрсэн байна. Үүнээс доош унаж болохгүй. Хамгийн эмгэнэлтэй асуудал нь Улсын Дээд шүүхийн Иргэний танхим хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй болсон. 

Өнгөрсөн долдугаар сараас хойш иргэний хэргийг хяналтын шатны журмаар шийдвэрлэх бүрэлдэхүүнгүй байна. Тэнд иргэн хуулийн этгээдийн олон тэрбум төгрөгийн эд хөрөнгийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шүүхэд мэдүүлэх эрхийг хангуулах зарчимдаа хүрч чадахгүй байна. 

Иймээс энэ салбарыг хариуцсан байгууллагууд, ШЕЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэн яаралтай Улсын Дээд шүүхийг бүрэлдэхүүнтэй болго. Шаардлагатай тохиолдолд хуульд нэмэл, өөрчлөлтийг нэн яаралтай горимоор оруулах зэргийг шийдэхгүй бол, иргэн хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байгааг чуулганы танхимаас УИХ-ын даргад хүргэж байна. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал. Гурван танхимын нэг нь бүрэлдэхүүнгүй байна" гэдгийг онцлон хэллээ.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.