УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд энэ хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, оруулж ирсэн. Одоо УИХ-ын гишүүд микрофон харахаараа "аж ахуйн нэгжүүд татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд ялгүй байх ёстой. Бүх мөнгийг ахмадууддаа тарааж өгье" гэдэг энэ хийрхэл, популизмаа больцгоо. Улсын төсөв татвар төлөлтөөр л бүрдэнэ. Татвараа төлөхөөс зайлсхийсэн биш, татвар төлөлтөө хожимдуулсан тохиолдолд эрүүгийн эрхзүйд нэг ч хариуцлага хүлээхгүй. 50 сая хүртэлх төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, нуусан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаа. 50 саяас дээш хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.3.1-ээр зүйлчлэгдэж байгаа" хэмээлээ.