Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хаалттай хуралдаж, нууц санал хураалт явуулж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Намайг ёс зүйн асуудлаар намаас хөөх шидвэр гаргасан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Уг асуудлаар би удаа дараа хүлцэл өчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлал гуйя. Тэгэхээр өчигдрөөс МАН-ын гишүүн биш, сул гишүүн болж байна. 

Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг сая УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаад завсарлалаа. Санал хураалт нууц явагдсан. Хоёр шийдвэр нь зөрсөн учир МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Би 12 дугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийсэн. Намайг түдгэлзүүлэх санал үүнтэй шууд холбоотой. 

Намайг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах хуулийн зохицуулалт байхгүйг би сая чуулганы хуралдаанд хэлсэн. Та бүхэн хууль үзээрэй. Улмаар би УИХ-ын гишүүнээс өөрийн биеэр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгье гэдгээ би мэдэгдлээ.

Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энэ бол хувь улстөрчийн шийдвэр. Намын гишүүн би болсон учир одоо надад шахалт ирэх ямар ч үндэслэлгүй болсон. Намын хамгаалалт надад байхгүй, ганцаараа гэсэн үг. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж буй олон зүйлийн учрыг тайлна. Үүнийг миний тэмцэх нэг хэлбэр болно гэж бодож байна. Зохион байгуулалттайгаар намайг хилмэгдүүлэх гэж байна.

УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсний дараа гэм буруугүй нь тогтоогдвол буцаж бүрэн эрхтэй гишүүн болдог. Чөлөөлөгдсөн бол гэм буруугүй нь тогтоогдсон ч бүх буцаж гишүүний эхээ сэргээх боломжгүй болдог" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.