Б.Баясгалан
01 сарын 31, 2020
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар өчигдөр өглөө чуулганы хуралдаанаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Тус тогтоолыг батлахаар ил санал хураалт явуулахад зарим гишүүн саналаа өгөөгүй, дэмжээгүй. Улмаар УИХ-ын тогтоол батлагдаагүй чуулган завсарлан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн учир үргэлжлүүлэн орой чуулганаар хэлэлцэж эхэлсэн.
Энэ үеэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Гишүүний бүрэн эрхийн асуудлаар Ерөнхий прокурор санал оруулаад УИХ өглөө нууцаар санал хураалт явуулаад шийдвэр гарчихсан. Асуудлыг хянаж, бүр хүндрүүлсэн хэлбэрээр энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлөх нь бүр мөсөн явуулна гэсэн үг. Түдгэлзүүлээд буруугуй бол буцаад бүрэн эрхээ эдэлнэ. Цаана нь сонгогчдын төлөөллийн асуудал байна.
Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, будилуулах, хуйвалдах жишиг тогтоох гэж байна. УИХ-ын дарга та хуралдааныг хуулий дагуу явуулах ёстой. Төрийн эргэлт, хуйвалдаан маягийн аюултай юм хийх гэж буйгаа та нар бодохгүй байна уу. Энэ бол зарчим, Үндсэн хуулийн асуудал.
Яах гэж ийм хачин юм хийж байгаа юм. УИХ-ын дарга та энэ асуудлыг ийм байдлаар шийдэх юм бол Үндсэн хууль биелүүлээгүй, зөрчсөн асуудал руу явна.
Чөлөөлөгдөх байсан юм бол Ерөнхий прокурор асуудал тавихаас өмнө чөлөөлөгдөхөд яасан юм бэ. Та нар хамгаалж буй биш залуучуудын ярьдгаар Н.Номтойбаярыг "янаглан хорлох гэж байна". Чөлөөлөх зэрэг энэ асуудлаарх хуйвалдаанд чинь би цаашид оролцохгүй. Би энд сууж буй цагтаа Төрийн ордны ийм хуйвалдаан, нууц санал хураалтыг тойруугаар хянах гэсэн энэ үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Одоо больцгоо гишүүд минь. Би Н.Номтойбаяр гишүүнд хүний ёсоор бүх нөхцөл байдлыг нь өөдөөс нь харж суугаад хэлсэн. Үндсэн хуулийн дагуу нууц санал хураалтаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарчихсан. Түдгэлзүүлээд буруугүй бол эргээд ажлаа хийг. Түүнээс биш хэдэн хоног асуудлыг "нүдэж байгаад" бүр явуулах гэж байгааг чинь "янаглан хорлох" гэдэг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Улмаар хуралдааны төгсгөлд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлүүлэхийг дэмжсэн өглөөний нууц санал хураалтын дүнг олонх буюу 38 гишүүний 29 нь дэмжиж батлав.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.242.82] ・ 2020.01.31 Хариулах
Нямка зөв л яриад бгаа юм. Даанч нөгөөх нь Номтойбаяр юм даа