С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгэж, эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээсэн хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Улмаар тус бичлэгийн мөрдөн шөлгөх ажиллагаанд саад болохгүй хэсгийг нууцаас гаргах тогтоолыг Засгийн газар гаргасан. Тус тогтоолын дагуу нийтэд үзүүлж болох хэсгийг Тагнуулын Ерөнхий газар таслан бэлтгэсэн гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.

Үүний дараа буюу өнгөрсөн лхагва гарагийн орой УИХ-ын гишүүд хаалттай горимд эрүүдэн шүүснийг харуулсан гээд буй тус бичлэгийг үзсэн.

Харин өнөөдрийн 11.00 цагаас тус бичлэгийг Төрийн ордонд хаалттай горимд сэтгүүлдэд үзүүллээ. Сэтгүүлчдийн мэдэх эрхийг хангах үүднээс үзүүлж буй бөгөөд зураг дарах, бичлэг хийж хуулбарлаж авахыг хориглосон юм.

Яг одоо уг бичлэгтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

Мэдээллийн үеэр Ц.Нямдорж "Сая сэтгүүлчид та бүхэн эрүүдэн шүүсэн бичлэг үзлээ. Юу болсныг ойлгосон байх. Би өмнө нь Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхнээс уучлал гуйсан. Одоо би эхнэр, хүүхэдтэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын ар гэрийнхнээс уучлал гуйж байна. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байна. Миний хажууд яг одоо талийгаачийн төрсөн ах нь сууж байна" гэв.

Түүний мэдээллийг шууд бүрэн эхээр нь дамжуулж байна.