Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 06 дугаар сарын 05-нд Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооны дарга Александра Жерков болон тус хорооны гишүүн Али Аларади нарыг хүлээн авч уулзаж, мэдээлэл солилцлоо.

Тус холбооны төлөөлөл манай улсад 3 дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудал буюу уг хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг эрүү шүүсэн талаарх Комиссын байр суурийг асууж тодруулж байв.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга дээрх иргэдтэй холбоотой дүрс бичлэгийг үзсэн, уг бичлэгт тулгуурлан гаргасан ХЭҮК-ын дүгнэлтийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хүргүүлсэн талаар, уг дүгнэлтийг танилцах боломжтой хэмээн өгсөн юм.

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гурван гишүүн нь аль ч цаг үед хорих ангид саадгүй нэвтэрч, хяналт шалгалт хийх эрхтэй байдаг ч дээрх хэргийг маш нууцын зэрэглэлд авсанаар нарийвчлан хяналт шалгалт хийх боломж олгоогүй. Гэхдээ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан хүмүүсээс ирүүлсэн гомдлын дагуу тухай бүрт ажиллагаа явуулж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад ХЭҮК-ын Шаардлага, Зөвлөмжүүдийг хүргүүлж байсан. Уг бичиг баримтуудыг одоо цагдаагийн газарт нотлох баримт болгон авсан байгааг хэллээ.