УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  С.Зоригийг хөнөөсөн хэргийн асуудлаар Тусгай хороо байгуулахыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэх горимын санал дэвшүүллээ.

Тэрээр энэ үеэрээ "Өчигдөр Байнгын хороогоор энэ асуудлыг ярьсан. Олон улсын Парламентын холбоо энэ асуудалд анхаарч, "хаалттай шүүх хурал явуулсан нь буруу байна, хэлмэгдүүлэлт гарсан байж болзошгүй" зэрэг асуудлыг ил тод хэлэлцэх шаардлагатай хэмээгээд удаа дараа манай улсад хүн ирсэн. 2016 онд намайг УИХ-ын дэд дарга байхад 3 хүн ирж уулзаж байсан. Түүнээс хойш  Олон улсын Парламентын холбоо уг асуудлаар чихнээс хонх уяад салахгүй байгаа. Тэд хүний эрхтэй холбоотой ноцтой дүгнэлтүүд хийсэн. 

Гадны хүмүүс энэ асуудалд анхаараад байхад Монгол Улсын төрийн эрх барьж буй дээд байгууллага болох та бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг үл хайхарч явсаар байгаад 3 жилийн нүүр үзлээ. Тиймээс энэ асуудлаар Тусгай хороо байгуулахыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж өгөхийг хүсэж байна. 

Хоёрдугаарт, бид үнэхээр хүний эрхийн төлөө, энэ улсын иргэдийн төлөө явж буй юм бол Монголд гарч байгаагүй энэ хэргийн талаар УИХ дүгнэлт хийхгүй бол болохгүй. Би 2016 оны намар энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад МАН-ын бүлгийн хурал дээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг захиалгаар 3 шатны шүүхээр туушиндаад дуусах нь. 65 суудалтай эрх барьж буй МАН энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй, нотцой асуудал гэдгийг хэлж байсан. Олон ярьсан. Тэр бүх протокол надад байна. 

Харамсалтай нь, миний бодож, төсөөлж байснаас долоон дор зүйл болсон байна. Үүнийг УИХ хэлэлцэж анхааралдаа авахгүй бол бид энд суугаад хэрэг байхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд минь энэ асуудлаарх Тусгай хороо байгуулах шийдвэрээ гаргаад, бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юмны төлөө явдаг цөөхөн хүн оруулаад өгөөч гэж энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд та бүхнээс хүсэж байна. 

Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл бол наад гарсан балмад зүйлийн чинь өчүүхэн хэсэг. Цаашаа нарийвчилж үзвэл бүр ноцтой зүйл гарна. Жишээ нь, 80 гарчихсан эмээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж байгаа. Ийм зүйл байж болох уу. Яах гэж тэдэн дээр гүйцэтгэх ажил явуулсан юм бэ, яаж айл гэр сүйтгэсэн юм, яаж айлгаж дарамталсан, яаж гавлаж гинжилж байсан юм гээд  олон асуудал гарна" хэмээлээ.