Б.Баясгалан
01 сарын 17, 2020
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Тус саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөлөр хуралдав. Хаалттай явагдсан тус хуралдаанд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцлоо.
Хуралдааны дараа түүнээс ямар үндэслэлээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн талаар тодруулахад "Дэд хороо уг саналын талаар шийдвэр гаргасангүй. Тиймээс би саналынхаа үндэслэлийг хэлэх боломжгүй, ярьж болдоггүй юм. Шийдвэр гарсны дараа хэлнэ" хэмээлээ.
Үргэлжлүүлэн уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналын дагуу гурван гишүүний ирцтэйгаар дэд хороо хуралдаж, Ерөнхий прокурорын мэдээллийг сонслоо. Хоёр гишүүн гадагшаа томилолтоор явсан.
Улмаар Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг ирц бүрэнтэйгээр хийж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Тиймээс хурал завсарлаж байна. Гадагшаа явсан Д.Лүндээжанцан энэ сарын 19-нд ирнэ. Ч.Улааныг дуудуулж магадгүй. Ирэх долоо хоногт Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд шийдвэр гаргана.
Ерөнхий прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай ч, гишүүд байхгүй учир зөрчигдлөө. Д.Лүндээжанцанг гадагшаа явсныг Ерөнхий прокурор мэдээгүй саналаа оруулж ирсэн байна. Нэгээс олон гишүүн дутуу байхад шийдвэр гаргаж болохгүй учир бодитой шалтгаанаар 48 цагийн дотор гэсэн хууль зөрчигдөж байна. Санал нууцын зэрэглэлтэй гэсэн тамгатай ирсэн учир хаалттай хэлэлцэнэ" хэмээн мэдэгдлээ.
б.жаргалсайхан гишүүний бүрэн эрх н.номтойбаяр халдашгүй байдлын дэд хороо ц.нямдорж
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.