ХОНКОНГ. /TASS/. Хотод үүссэн хямралыг зохицуулах арга замыг хэлэлцэхийн тулд Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн төлөөлөгчидтэй анх удаа нээлттэй уулзалт хийнэ хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Энэ уулзалтад уригдсан 150 хүнийг тусгай цахим хуудаст бүртгүүлсэн нэрсийн жагсаалтаас санамсаргүйгээр сонгох замаар оролцуулахаар болсон байна.

Хоёр цаг үргэлжлэх уулзалт Ван Чай дүүрэг дэхь Елизавета хатны нэрэмжит хүрээлэнд оройн 7 цагт болох аж. Хэв журмыг сахиулах үүднээс уулзалтын үеэр цагдаагийн 3 мянган ажилтныг дайчлах юм байна. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдыг танхимд шүхэр, маск, дуулга зэргийг авч орохыг хориглож байгаа аж. Засгийн газрыг эсэргүүцэгчид яриа хэлэлцээг бусниулж, цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх замыг хааж болзошгүй гэдгийг хууль сахиулах байгууллагууд үгүйсгээгүй байна.

Улс төрийн дотоод хямралаас гарах арга замыг олохын тулд нийгмийн бүх давхаргатай нээлттэй яриа хэлэлцээ хийх нээлттэй платформыг эхлүүлэхээ Кэрри Лам өмнө нь мэдэгдсэн байна. 

Олныг хамарсан жагсаал цуглаан Хонконгт 4 дэх сардаа үргэлжилж байгаа юм. Жагсагчдын тавьсан таван шаардлагын нэгийг биелүүлж, сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх өгөх тухай хуулийн төслийг бүрэн эргүүлэн татахаа зөвшөөрч байгаагаа Хонконгийн засаг захиргааны тэргүүн 9 дүгээр сарын 4-нд мэдэгдсэн. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийг дэмжигчид жагсаал цуглааныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг