АНУ-д ажиллах хүчний 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч шийдвэр гаргах түвшинд 20 хүрэхгүй хувь нь ажиллаж байна. 

Учир нь ажил, бизнесийн салбарт амжилт гаргаж буй бүсгүйчүүд хувийн амьдрал зохиохдоо хоёрхон сонголттой тулгардгийг Харвард төгсөгчдийн дунд хийсэн судалгаа баталжээ. 

  1. Ажил, карьерийг маш сайн ойлгож, дэмждэг нөхөртэй болох

  2. Нөхөрт гарахгүй байх. 

Учир нь өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьж, хүсэл мөрөөдлийг дэмждэггүй хамтрагчтай бол салах магадлал харьцангуй өндөр байдаг аж. 


Эрчүүд эхнэрийнхээ карьерийг чухалд тооцдоггүй


Харвардын Бизнесийн сургууль төгссөн 25 мянган хүний дунд судалгаа явуулахад эрчүүдийн талаас илүү хувь нь гэрлэхдээ өөрийнх нь ажил мэргэжил эхнэрийн карьераас чухал гэж хариулсан байна.  

Харин эмэгтэйчүүд ажил мэргэжил, хүлээх үүргийн хувьд эрх тэнцүү байна гэсэн хүлээлттэйгээр гэрлэдэг.

Гэр бүлийн харилцааг тогтворгүй болгодог өөр нэг зүйл нь гэр бүлдээ их орлого авчирч буй нь эрх мэдэлтэй байна гэх хэвшмэл ойлголт юм. 

Ажлын байран дээр эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан тушаал дэвшиж, өндөр цалин авах боломж бүрддэг. 

Тиймээс хэн нь илүү цалин, орлого олж буй нь ажилдаа төвлөрч, нөгөө нь гэр бүлдээ илүүтэй цаг зав зарцуулах замаар эрх үүргийн тэнцвэргүй байдал үргэлжилсээр байдаг.


Ажлаасаа гарч буй гурван эмэгтэй тутмын хоёр нь нөхрийнхөө хүслийн дагуу карьераа орхидог

Хүүхдээ өсгөж, ар гэрийн асуудалд анхаарлаа хандуулахаар ажлаасаа гардаг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Нью-Йоркийн их сургуулийн судлаачид болох Памела Стоун, Мег Ловой нар эмэгтэйчүүд ямар шалтгааны улмаас ажлаасаа гардаг талаар судалжээ. Сонирхолтой нь гурван эмэгтэй тутмын хоёр нь эр нөхрийнхөө хүслээр ийм сонголтод хүрдэг байна. 

Хэрвээ ажил мэргэжлийн хувьд дэмждэг нөхөртэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсэн ч удаан завсардах шаардлагагүй байдаг аж. 

Нэгнийхээ хүсэл мөрөөдлийг дэмжихгүй байвал хосуудын харилцаа хөндийрч эхэлдэг

Сүүлийн үед дэлхий дахинаа 50-60 настнууд гэр бүл цуцлуулах нь ихэсчээ. Салалтын 60 хувьд нь эмэгтэйчүүд салах шийдвэрийг гаргадаг ажээ. 

Хосууд хөгширч хүүхдүүд нь тусдаа гарсны дараа эхнэрүүдэд ч мөн шинээр амьдрал зохиох талаар боддог ажээ. 

Учир нь эмэгтэйчүүд олон жилийн турш гэр бүлийнхээ төлөө карьераа хойш тавьсан учраас хүсэл мөрөөдлөө дагах цаг нь болсон гэж үздэг гэнэ.