Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 29.1-д “Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ” гэж заасан. 

Энэ дагуу уг шаардлагад нийцүүлэн "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгүүлж, холбогдох дүгнэлтийг гаргуулахаар болсон байна. 

Энэ удаад тус банк 620 сая төгрөгөөр олон улсын байгууллагаар аудит хийлгэх ажээ. Хөгжлийн банк өмнө нь 2021 онд нийт 330 сая төгрөгөөр аудит хийлгэсэн бол 2022 онд 349 сая төгрөгөөр аудит хийлгэсэн байна.