Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Шарав  өвчний улмаас таалал төгсөн Монголын хөгжмийн урлагт их уй гашуу тохиолоо.

Тэрээр 8 хоногийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагналыг ерөнхийлөгчөөс хүртсэн билээ.

Б.Шарав нь 1952 оны 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд АЖ Ж.Чулуун гуайн "Ардын дуунуудын найруулга"-ын хамт ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн 3 сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монгол үндэстэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт юу бүтээснийг л илэрхийлэх гэж тэмүүлж үндэсний онцлогтой Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан юм.

Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, Эх орон, Сэтгэлийн эгшиг, Баярын уянга, Аав ээж хоёр минь, Бөртэ хатан зэрэг дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг 20 гаруй киноны хөгжим бичжээ.

Алдарт удирдаач Валерий Гергиевийн хэлсэнчлэн "Тэнгэрийн Симфони" буюу "Хоёрдугаар Симфони”- г 1984 онд Санкт Петербургийн Сонгодог хөгжмийн их наадмын үед Бүх Оросын симфони найрал хөгжим, найрал дуучид дуулж бичүүлсэн байдаг. 21 минут 40 сек үргэлжилдэг уг симфони нь Бетховены "Есдүгээр Симифони"- той эн зэрэгцэхүйц, тэнгэр газар нийлэн үйлсэх байгал ертөнцийн агуу их хүчийг хөгжмийн ба хүмүүний дуу хоолойгоор хосгүй гарамгай эгшиглүүлсэн нь өдгөө хүртэл дэлхийн урлаг соёлын модернист үзэлтнүүдийг бишрүүлсээр байгаа дэлхийн хэмжээний бүтээл билээ. Шаравын "Хоёрдугаар Симфони" сэдвээр Япон ба АНУ-ын зураачид "Тэнгэрийн Аялгуу" нэртэй зургуудыг зурсан байдаг.


Ум сайн амгалан болтугай