Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, “Чингис хаан” одонт  хөгжмийн зохиолч Б.Шаравын мэндэлсний 70 жилийн ой, "Сэрсэн тал" удиртгал хөгжмийн 38 жилийн ойн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

Өмнө нь Үндэсний Урлагийн Их Театраас  "Сэрсэн тал" 30, 33, 35, 37 жилийн ойн тоглолтыг зохион байгуулж, үзэгч сонсогчдын халуун талархлыг хүлээж байсан билээ.  

Энэ удаа буюу 38 жилийн ойн тоглолтын хөтөлбөртөө түүний алдарт удиртгалууд, томоохон хэлбэрийн хөгжмүүдээс гадна сонгодог ари, романсуудыг хүргэлээ.

Тоглолтыг Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар удирдаж, Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн их найрал, Улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Хөгжмийн зохиолчийн шилдэг уран бүтээлүүдийг амилуулсан юм.

Энэ үдэш  хөгжмийн зохиолч Б.Шарав агсны шилдэг бүтээлийн дээжсээс бүтсэн "Алтан пянз"-ыг дуудлага худалдаанд 3 сая 500 мянган төгрөгөөр үнэ дуудаж 12 сая төгрөгөөр худалдаалагдлаа. 

Сонирхуулахад, уг "Алтан пянз"-ыг дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт "EMI 1440" төхөөрөмжөөр хийгдсэн ба ердөө 300 ширхэг хос алтан пянзыг Лондон хотноо бүтээсэн байдаг аж. "Алтан пянз"-д  нэрт хөгжмийн зохиолчийн "ХОЁРДУГААР СИМФОНИ" тэргүүтэй таван бүтээлээс бүрджээ.

Одоогоос 38  жилийн  өмнө БНМАУ тунхагласны 60 жилийн ойн  хүндэтгэлийн тог­лол­тод  Б.Шаравын “Сэрсэн тал” хэмээх удиртгал хөг­жмийг анх тоглож байжээ. Тухайн үед удирдаач Ж.Чулууны удирдлагаар 150 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмөөр дээрх удиртгалыг тоглосон байна.  Энэ жил "Сэрсэн тал"-38 дахь  жилийн ойн тоглолтод Үндэсний Урлагын Их Театрын их найрал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолоо.

 Цаашид "Сэрсэн тал" удиртгал хөгжим эгшиглэсэн  түүхийг хүндэтгэн дурсаж жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.