Суут Б.Шаравын “Наадмын дэнж” эгшиглэхүй дор Хүй мандлын номин ногоон дэнж, энэ  саруул сайхан дэнжийг бүрхсэн морьтон олон өнгийн цэцэг алаглуулах мэт сэтгэлд ургана. Хүлгийн нуруун дээр гарсан мэт, айраг, цагаа нь бялхсан хөдөө нутагтаа ирсэн мэт хүний санаа уужран амарна. Жаргаж сонсох аялгуу юм аа, “Наадмын дэнж”. Сонссон хүний сонорыг мялааж, чагнасан хүний сэтгэлийн утсыг хөглөн хөвсөлзүүлнэ. Цоролзон өдөөнө. Төр, түмний их цэнгэл түвшин яруу өрнөж буйг сэтгэлд, зүрхэнд сонсгох мэт элбэг баярт умбуулна. Соёолон ирж явааг хараад нулимс бүрхэх “Наадмын дэнж”. Жаргалтайн дэлгэр зуны наадмын өдрүүд ийм л хөг, хэмнэлтэй байдагсан гэж санана.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын төрсөн өдөр өчигдөр тохиов. Түүний амьдрал, уран бүтээлд гүн хүндэтгэл үзүүлэх 70 насны ойн төрсөн өдрөөр гайхамшигт хөгжмийн бүтээлүүд нь эгшиглэлээ. Үүний нэг нь “Наадмын дэнж” байсан юм. Удирдаач нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан байлаа. 

Соёлын төв өргөөний хойморт Сэрсэн тал, Сэтгэлийн эгшиг, Эхийн сэтгэл шиг, Замбуу тивийн наран, Монгол орон бадартугай, Бөртэ хатан, Жаргалын найман морь, Жаргалтхааны тэмдэглэлүүд тэргүүтэй Монголын орчин цагийн хөгжмийн сор бүтээлүүдийг туурвисан эгэлгүй хүмүүний хар цагаан хөрөг дүр заларна.


Үзэгчид рүү хандан хөгжимчид эгнээ байраа эзлэн, эгшгийн шидэт дохиурын үеэлзэх хөдөлгөөнийг амьсгаа даран хүлээнэ. Удаах аялгуу эгшиг хүртэлх нам гүм хэдхэн хормыг үзэгчдийн алга ташилт сэрээж, эгшиг аялгуу танхимыг бүчин авна. Найрал хөгжмийн аялгуу эгшиг нэгэн цул болж, орчныг улам амар амгаланд хөвүүлнэ. Зугуухан татагдах чавхдас жирэлзэх мэт хөг эрчмийг олно. Яг л хурдан морьд зул задран эргэх мэт хүчит “долгион” үүснэ.  


Бага балчир насандаа таван насны морь унаж, айраг, түрүү хүртэж явсан нь “Наадмын дэнж”-ээ бичихэд том нөлөө үзүүлсэн хэмээн амьд сэрүүн ахуйдаа Б.Шарав агсан өгүүлж байжээ. “Өглөө нар мандахаас орой наран жаргах хүртэл морины нуруунаас буухгүй” гэж их хүмүүн бага насаа дурссан нь түүний хөрөг нэвтрүүлэгт мөнхөрч үлдсэн байна. Хөгжим аялгуу нь эгшиглэхийн өмнө түүнтэй холбоотой ямар нэгэн яриа, дурдатгал үзэгчдийг дэлгэц рүү авчирна. Хөдөө нутгийн эгэл ахуй, тэр ахуй дунд орших нүүдэлчин Монголын аж байдал, энд төрж, хутгалдан өссөн нь түүний уран бүтээлд тусгалаа олсны нэгээхэн хэсэг нь “Наадмын дэнж”. Өөрийнх нь хэлснээр нь, “Монгол ахуй л хүнд буух учиртай” хөгжим.


“Миний хувьд шавь нартаа “Та нарын бүтээлээс монгол хүн, монгол амьдрал, байгаль харагдах ёстой” гэж хэлдэг. Ингэхийн тулд л бид монгол хүн болж төрсөн шүү дээ” хэмээн үг сургаалаа айлдаж, уран бүтээлээрээ эх орноо дэлхийд дайдад таниулж, өөрөө ч хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй нэгэн Бямбасүрэнгийн Шарав байлаа. 

Үзэгч олны хайртай хөгжмийн зохиолчоо үгүйлсэн сэтгэл, уран бүтээлээр нь цангасан хүлээлт дор “Баярлалаа” тоглолт эхэлсэн юм. “Тэр өөрөө байсан бол 70 насны ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх байсан нь гарцаагүй” хэмээн гэр бүлийнхэн, дэмжигчид, хамтран зүтгэгч уран бүтээлчид, анд нөхөд нь үзэж, нэрт хөгжмийн зохиолчийн уран бүтээлээр нь хоёр өдрийн турш Соёлын төв өргөөнд “хур буулгасан” нь энэ. Эхний өдөр /бямба гараг/ нь дан дууны уран бүтээл үзэгч, сонсогчдод хүрсэн бол хоёр дахь өдрийнх /ням гараг/ нь хөгжмийн бүтээлүүдээр үргэлжилсэн юм.

Эгшгийн шидэт дохиур дор их найрал үзэгч олныг ховсдох мэт цэнгүүлж, Б.Шаравын нэрийн хуудас болсон дуунууд болон хөгжмийн бүтээлүүдээр хорвоогийн явдлыг эргэцүүлэн тунгаав. “Баярлалаа” нэртэй өндөр түвшний, өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батзаяа. 

Түүний хэлснээр, Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав агсны амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан олон шинэ бүтээлүүд нь анх удаа үзэгч, сонсогчдод хүрсэн юм. Бие тааруу байхдаа нутагтаа очиж хэсэг байх хугацаандаа туурвисан “Жаргалтхааны тэмдэглэл” нь өчигдөр эгшиглэв. “Асемын тэмдэглэлүүд” нь мөн сонор мялаав. Бидний сайн мэдэх, анирдан сонсох, даган дуулах бүтээлүүдээс гадна цэнхэр гарагт туурвин үлдээсэн энэхүү хоёр бүтээл нь агаарт цуурайтан, дуун биеэ энэ үдэш олсон юм.


Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд эгшиглэсэн “Хүүхэн хутагтын дуулал”-аар “Баярлалаа” тоглолтын дуун талархлыг МУГЖ Г.Хонгорзул өргөв. Мэргэжлийн дуучдын эрэмбэ зиндааг тодорхойлох, чанар чансааг нь  сорих бүтээлийг тэр хийж ирсэн байна. Нобелийн шагнал олгох ёслолд эгшиглэж, дэлхийн суутнуудын сонорт хүрсэн “Хэрлэнгийн домог”-ийг энэ цаг дор бид сонслоо. “Хөгжим өөрөө сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Энэ хэлээр хүн төрөлхтөн бүгдээрээ ярьдаг. Хөгжимд орчуулга хэрэггүй. Монголын түүхийн тухай симфони бичлээ гэхэд аль ч улсын хүн шууд ойлгоно. Иймээс л хөгжим бол агуу зүйл” гэж Суут Б.Шарав хэлж байсан.


“Ээжийн залбирлын хүчээр л өдий дайтай явна...” хэмээн амьд сэрүүн ахуйдаа Бямбасүрэнгийн Шарав хэлж байжээ Энэ яриа нь дэлгэцнээ хөвөрч, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Удирдаач Д.Нямдаш, “Эхийн сэтгэл шиг” хэмээн хөтлөгч тайзны араас зарлав. Тоглолтод Монгол Улсын Консерваторийн цохивор хөгжмийн чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, найрал дуучид оролцсон юм. Тэд ингэж нэг дор, нэгэн үдэш хамт байх нь ховор. Том хүндлэл гэхээс илүү тэд хамтдаа Бямбасүрэнгийн Шаравын хөгжмийг тоглоно гэдэг хөгжимчин болсны нэр төрийн хэрэг буй за.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Манан”-г Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр нар толилуулсан бол Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан “Дурсамж хөвөрнө” дуугаараа түрлэг нэмлээ. Тэд энэхүү дуугаа хамт бүтээж байснаа тайзнаас дурссан юм. Амьдралд одоо түүний тухай хэн байсныг өгүүлэх дурсамж хөвөрч, эгшигт бүтээлүүд нь эзнээ дуурсган байна.
Энэ үдэш Морин хуурын чуулга “Жаргалын найман морь”-ийг эгшиглүүлсэн юм. Солонго татсан тал нутгаа санах, тэнгэрийн хаяанаас морьтой хүн ирж яваа харагдах, түмэн адуу давхин өнгөрөх, алс одсон нэгнээ үгүйлэх, сэтгэл уяран хайлах, эх нутгаа санах, ээжийгээ бодох, төрсөн гэртээ очих, бага насны жаргалтай өдрүүд санагдах. Монгол түмний аз жаргалын бэлэгдэл бол жаргалын найман морь.


“Баярлалаа” тоглолтын хөгжмийн бүтээлд “Чингис хаан” дуурийн хэсгээс үзэгчдэд хүргэсэн нь ихээхэн шинэлэг байлаа. “Хадааны ари”-г Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ш.Наранчимэг үзэгчдэд сонордуулсан бол Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Н.Чулуунхүү “Жамухын ари”-г хүргэсэн билээ. “Жамухын ари” орь ганцаар энэ орчлонд үлдсэн мэт гуниг, ганцаардал, харуусал, харамсал дүүрэн амьдрал, хайр эрсэн сэтгэл, тийм боловч анд нөхрөө санагалзан хайрласан, өр өвдөм түүхийн жим санагдана.


“...Цэлмэг ухаант Өүлэн шиг
Эх надад байсангүй
Цэцэн оюунт Бөртэ шиг
Хатан надад заяасангүй
Хасар, Билгүтэй хоёр шиг
Хайртай дүүтэй ч биш дээ, би
Боорчи, Зэлмэ хоёр шиг
Босоо өрлөгтэй ч биш дээ, би..
Эрх багаас дассан
Эртний дотно нөхөр минь
Эцэг Тоорилын өргөөнд
Эрхэлж өссөн анд минь, анд минь”
  хэмээн өгүүлэх “Жамухын ари” зүрхэнд хүрэв.


“Хөгжим гэдэг хүний амьдралтай яг адилхан. Хурцаар илэрхийлэх хэсэг байхад уян зөөлнөөр дүрслэх нь ч байна. Ялангуяа дуурь, симфони хөгжмийн зохиолд иймэрхүү зүйл олонтаа ажиглагддаг” гэж Б.Шарав агсан ярьсан нь санагдлаа.
“Миний бүтээлд Чингис хааны тухай сэдэв зонхилж байдаг. Зонхилохоос ч өөр аргагүй” гэж тэрбээр хэлж байжээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум түүний төрсөн нутаг нь.  Нутаг усаа байнга зорьдог нь түүний онгод хийморийг хөглөдөг байжээ.


Б.Шарав агсан “Би ганцхан дуурьтай. Тэр нь Чингис хаан дуурь. Их түүх, нутаг ус, түүний эрч хүч, эрчим энерги надад нөлөөлж, бичүүлсэн байх гэж би боддог” хэмээх олон жилийн өмнөх яриаг “Баярлалаа” тоглолтын дэлгэцнээ найруулагч өгөв.
Морин хуурын чуулга, Улсын филормонийн гоцлол хөгжимчин, хийлч М.Хулан “Бөртэ хатан”-г үзэгчдэд тун чадварлаг хүргэсэн юм. “Чингис хаан” дуурийн өмнө бус хойно энэхүү аялгуу эгшиглэсэн нь зохицон уусах. “Үхэж үл болно” киноны зураглалууд нүдэнд шууд бууна. Энэхүү киноны хөгжмийг Б.Шарав агсан бичсэн билээ.


Бөртэ хатан Хонгирад нутгаасаа ирж яваа мэт, урт холын дайнд аяншиж ядарсан мэт, Хан хөвгүүдийнхээ эв эеийг хичээх мэт, Хаан эзнээ хайр хүндлэл дунд залж яваа мэт, хатуу бэрх цагийн шуурган дунд улс Монголоо гэж зүдэрч яваа мэт, ард үлдсэн аав ээж, нутаг ус, ах дүүсээ санах мэт, Их Монголын ирээдүйд сэтгэл чилэх мэт дүр төрх бууна. Намар цаг мэт.


Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шарав “Замбуу тивийн наран”-гаар нь “Баярлалаа” хөгжмийн тоглолтыг эхлүүлсэн нь учиртай. Энэхүү бүтээл нь 1987 онд ЮНЕСКО-гийн дэргэд байдаг Дэлхийн хөгжмийн фондод багтсан Монголын гурав дахь бүтээл.“Миний хань сэтгэлийн болон сэтгэлгээний хоёр чиглэлээр хөгжмийн зохиол бичдэг. Сод бүтээлүүд нь гүн ухааны шинжтэй” хэмээн Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэг дурссан байдаг. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан “Сэтгэлийн эгшиг”-ийг нэг л сэтгэл хачин болоод, гунигтай ганцаардсан ч юм шиг үймээд, эхнэрээ санаад байхдаа л биччихсэн эд гэж ярьсан нь бий.

Б.Шарав агсныг “Сэрсэн тал”-аар нь шинэ зууны монголчууд илүү мэддэг гэхэд дэгсдэхгүй болов уу. Хөгжмийн бүтээлүүд дотроос нь, тэр тусмаа Морин хуурын чуулгын үзэгчдийн хамгийн хайртай аялгуу нь “Сэрсэн тал” байх.  

Суут хөгжмийн зохиолч 1984 онд энэхүү аялгуугаа бичсэн. Энэ тухай өгүүлэхдээ, "Сэрсэн тал" миний бага насны амьдралтай холбоотой. Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан” хэмээн өгүүлсэн байсан.

Б.Шарав агсан “Сэрсэн тал”-ын тухайд “Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн миний анхны бүтээл, магадгүй миний бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон нь байх” гэж хэлж байжээ. Зөвхөн түүний гэлтгүй “Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн олон удаа тоглогдсон” гэж “Сэрсэн тал”-ын 30 жилийн ойн өмнө Б.Шарав агсан мөн ярьж байжээ. Тэр үе бол 2014 он байлаа.


Ахуйгаас, амьдралаас, оюун бодол, сэтгэл зүрхний гүнээс төрсөн аялгуу эгшиг нь, хөгжмийн бүтээл нь хүмүүний сэтгэлийн утсыг хөглөн хөндөж, цаг хугацааны эрхээр балран алсрах бус товойн тодрох, улам шижир алт мэт гялалзах түүний төрсөн өдөр өчигдөр байв. Алдар суу нь, агуу хөгжмийн бүтээлүүд нь түүнийг бидний дунд "Өнө мөнх"-д залжээ.


Б.Баяртогтох