Хүнсний аж үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжлийн /зарим хүмүүсийн томьёолдгоор “Социализмын” гэгдэх/ он жилүүдэд үйлдвэрлэлд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, инженерүүдийг гадаадын мэргэжлийн боловсролын болон их дээд сургуулиудад төлөвлөгөө, зохицуулалттайгаар сургаж, төгсөж ирмэгц үйлдвэр байгууллагуудад хуваарилан доод шатнаас нь эхлэн шат шатаар ажил, албан тушаалд дэвшүүлэн ажиллуулж, сургуульд сурсан онолын мэдлэгийг амьдралд ашиглах дадлага суулгаж, ажлын болон амьдралын гарааг нь эхлүүлэн төлөвшүүлж байв. Салбарт тулгамдсан тодорхой асуудлуудаар үйлдвэр байгууллагуудад чиглэл, даалгавар өгч шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд анхаарч байв. Гадаад мэргэжилтнээс суралцаж байсан бол аажмаар үндэсний мэргэжилтнүүд өөрсдөө сургах болж, шинэ бүтээгдэхүүн буй болгож, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж, үйлдвэрийн зураг төсөл боловсруулж, технологийн тоног төхөөрөмж зохион бүтээж байв. 

Манай орны нөхцөлд тохирох технологийн бага хүч чадлын, бага оврын тоног төхөөрөмжүүд дутагдалтай байсан тул өөрсдөө зохион бүтээж аймаг, сумдад мал нядалгааны цех, талх нарийн боов, ундааны цехүүд байгуулж байв.

Тулгамдсан асуудлуудыг хэрэгжүүлэх зорилготой хүнсний үйлдвэрийн туршлага шинжилгээний төвийг байгуулснаар хүнсний салбарын эрдэм шинжилгээний байгууллагын суурь тавигдаж, өөрчлөгдөн шинэчлэгдэн хөгжсөөр өдгөө 51 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нэгэн үе салбарын институтэд улсын хэмжээнд бүх үйлдвэрүүдэд мөрдөх техник, технологийн баримт бичгүүд, шинэ бүтээгдэхүүний жор, технологиудыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж салбарын яамны шинжлэх ухаан,техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулж орон нутгийн үйлдвэрүүдэд хүргэн, шаардлагатай нэгжид газар дээр мэргэжлийн технологич томилон үйлдвэрт нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байв.

Тэр үед хүнсний үйлдвэрүүд нэгдсэн нэг технологийн заавар, жор орцоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, батлагдсан нэг үнээр худалдаалдаг байв.  Бүтээгдэхүүний стандарт болон өөрийн өртөг, жижиглэн худалдаалах үнийг Үнэ, стандартын улсын хороогоор батлуулдаг байв. Олон давтамжтай технологийн туршилт судалгаа, шат дамжлага бүхий хянан хэлэлцүүлгийг амжилттай давж батлагдсан шинэ бүтээгдэхүүн нь эх орны үйлдвэрүүдэд шууд нэвтэрч байв. Тэр бүтээгдэхүүнүүдээс олон нэр төрөл нь одоо ч үйлдвэрлэгдсээр, жор технологи нь өнөөгийн олон бүтээгдэхүүний суурь болон ашиглагдсаар байна. Өдгөө хүнсний салбарт 45 дахь жилдээ ажиллаж буй ахмад инженерийн хувьд хуучин цагийг магтан дуулж өнөөгийн залуусыг буруутгах гэсэнгүй, гагцхүү салбарын хөгжилд анхаарах асуудлаар өөрийн бодлыг илэрхийлье гэж бодлоо.

Бүх зүйл цаг үетэй, өнөө цаг өөр болсон гэж үзэх нь нэгэн байгаа л байх. Тэгвэл өмнөх цаг үетэйгээ нягт холбоотойгоор улам боловсронгуй болон шинэчлэгдэн хөгжих шаардлагатай онцгой салбар бол хүнсний аж үйлдвэрийн салбар юм. 

Учир нь хүн амьд байх хамгийн анхдагч хэрэгцээ бол хүнс, хүнтөрөлхтөн хоол, хүнсээ хэрэглэсээр амьдарсаар байх болно, харин тэдний хүнс хоолыг тухайн цаг үеийн хөгжилтэй нягт уялдуулан боловсронгуй болгон хөгжүүлэх нь салбарын нийт хамт олны үндсэн үүрэг, санаагаа чилээх асуудал мөн. Өнгөц харвал өнөөдөр манай улсад төрөл бүрийн, хэн бүхний харааг булаахаар үндэсний үйлдвэрийн болон импортын хүнсний бараа, бүтээгдэхүүн хангалттай их, зарим нь бүр илүүдэж байна. 

Харин тэр бүгдийн найрлага, шимт нэгдлүүд нь хүний биед ямар нөлөөтэй болох, хоол тэжээл болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсаар. 

Аливаа салбарын хөгжилд түүчээлэгчид нь мэргэжлийн, чадварлаг ажилтнууд бөгөөд тэд шинийг эрэлхийлж, сэдэж, өсөн дэвжих, урагшлан хөгжих суурийг тавьж байдаг.

Хүнсний салбарынхан онцгой, тэд бусад хүмүүс амарч байхад ч, шөнө унтаж байхад ч, баяр ёслолоор баярлаж байхад ч, аялж зугаалж байхад ч ажиллаж л байдаг, тэд зөвхөн хүнсээр хангаад зогсохгүй цаг үргэлж хүн амын эрүүл мэндийн манаанд зогсож байдаг ачтанууд. Нэгэн үе хүнс үйлдвэрлэхэд бараг мэргэжлийн хүн шаардлагагүй гэсэн өрөөсгөл чиг хандлага дэлгэрч, хүний хэрэглээ, хэрэгцээнд дөрөөлж ашиг хонжоо хайсан хувийн жижиг цех, үйлдвэрлэл олноор байгуулагдаж хяналтгүй үйлдвэрлэл явуулж байсны уршиг одоо ч оршсоор байгааг махны үйлдвэрүүдийн жишээ харуулсан. 

Энд үйлдвэрлэл эрхлэхийг үгүйсгэж байгаа бус харин хүнсний үйлдвэрлэл гэдэг нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой асуудал тул үйлдвэрлэн түгээж буй хүнс нь хүнд зориулагдсан, эрсдэлгүй баталгаатай байх шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдэгт асуудал нь оршино. Орчин үед өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэх шинэ соёлууд улам бүр дэлгэрч байгаа нь хүнсний бизнест ашиг орлого, гадаад үзэмж бус чанар, баталгаатай, найдвартай байдал, хэрэглэгчдэд хандсан зөв менежмент өгүүлэгдэж байна. Гэтэл өнөөдөр хүнсний салбарт хүний нөөц, чадварлаг инженер мэргэжилтнүүд ховор, улам бүр хомс болж байна, яагаад вэ?

  • Хүнс бэлтгэж буй тул ажиллаж буй хүнд нь ч хоргүй, ажил нь хөнгөн, нөхцөл нь энгийн гэсэн /ОХУ-ын жишгийн дагуу/ ойлголттой, эрт үеэсээ аж үйлдвэрийн бусад салбараас цалин бага, үнэлэмж муутай байсаар ирсэн,
  • Социализмын үед гадаадад бодлогоор бэлтгэсэн инженерүүд нь тэтгэвэрт гарсан,
  • Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр гадаадад мэргэжилтэн сургах тоог бууруулсан, суралцаж төгссөн цөөн хэд нь эх орондоо ирдэггүй, ирсэн нь цалин бага, ээлжийн цаг наргүй хүнд ажлаас халширч мэргэжлээрээ ажилладаггүй, дарга болох буюу мэргэжлийн бус өөр ажил эрхэлдэг,
  • Зах зээлийн харилцааны гэгдэх сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургалтынчиглэл, хөтөлбөр, мэргэжлийн нэршил, кодод хийсэн өөрчлөлтүүд сургалтын, улмаар төгсөгчдийн чанарт нөлөөлсөн. Өөрчлөлтөөр цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөрвөх чадвартай болгохыг зорьсон хэдий ч мэргэжлийн нарийн асуудлаар өгөгдөх мэдлэгүүд орхигдсон, хөтөлбөрийг хэт шахсан, оюутны лабораторийн болон үйлдвэрлэлийн дадлагын хамрах хүрээ, хугацаа буурсан. Үүнээс улбаалан төгсөгчдийн суурь мэдлэг /ялангуяа технологи, техникийн/ хангалтгүй байна. Хүнсний инженер бэлтгэж буй зарим сургуулийн сургалтын хөтөлбөрт инженерийн суурь мэдлэг олгох /шугам зураг, дүрслэлийн геометр, материалын эсэргүүцэл,машин механизмын онол, физик-хими, коллоид-хими гм/ хичээлүүд байхгүй байна.

Шинэ төгсөгчдийн мэдлэг, чадвар, сэтгэлгээ, хандлага хангалтгүй байгаагаас үйлдвэр аж ахуйн газрууд дипломтой гэгдэх ажилтнаа өөрсдөө сургаж, дадлагажуулж, төлөвшүүлж өөрийн болгон авч байна. 

Залуучууд, шинэ төгсөгчид ажилд орохын үндсэн асуудал нь зөвхөн цалинд бус хамт олон, найз нөхөд, ажлын орчин, хүмүүс хоорондын харилцаа, шинэ мэдээлэл, мэдлэг олж авч, байнга суралцан өсөн дэвжих нөхцөлийг бүрдүүлж байгаад орших бөгөөд хүн насан туршдаа суралцдаг гэж үзвэл энэ хугацааны хамгийн үр дүнтэй оргил үе болохыг тэр бүр ухаарч ойлгохгүй байна. Үүнд их дээд сургуулийн багш нарыг буруутгах аргагүй, тэд маш их мэдээллийг шахсан богино цагт олгох, ертөнцийн цагийн хүрдийг сааруулах боломжгүйн дээр хөлс мөнгө, хөдөлмөр, кредит, хангамж нөхцөл гээд харилцан хамаарал бүхий олон асуудлууд байдаг. 

Сургууль өөрөө дадлагын баазгүй, хүнсний үйлдвэр,компаниуд нь дадлагын баазаар ажиллах сонирхолгүй /шинэ санаа, технологийгэрээ цээргүй хулгайлан ашиглах болсон нь нууцаа алдах эрсдэлд хүргэдэг, энэ талын хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, байгаа нь хэрэгждэггүй, анхаарал хандуулдаггүй, соёл ёс зүй төлөвшөөгүй/, хамтын ажиллагаа дутмаг, төр засгийн дэмжлэг, зохицуулалт ч байхгүй байна. Бизнес эрхлэгчид гол төлөв гаднаас шинэ технологийг иж бүрдлээр нь оруулж ирж нутагшуулж, энэ явцдаа оносон нь ч байна, алдсан нь ч байна. Үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээнд дөрөөлсөн уялдаа зохицуулалтгүй үйлдвэрлэл явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Монголчууд бид хувиа бодсон жалга довны үзлээсээ хэзээ салах вэ? 

Магадгүй энэ нь амьдралын баталгаа муу, цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаатай ч холбоотой байж болох. 

Харин сүүлийн үед ажиглагдаж буй сайн тал нь бүх хүрээнд хандлага өөрчлөгдөж, дипломд бус тухайн хүний мэдлэг, чадвар, хандлагад илүү анхаарах болж буйтул зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. Төр, засгийн тэргүүнүүд “Монгол хүнс экспортлогч орон болно” гэж дэлхийд зарлаж Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумыг 2023 онд Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэтэл бид юугаа, хэрхэн экспортлох вэ? Экспортлогч орны шаардлагад нийцсэн хүнс үйлдвэрлэх, баталгаажуулах, хянах нөхцөлийг бүрдүүлсэн үү? гэх мэт олон асуудал тодорхойгүй байна. Иймд дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. 

  • Улсын хэмжээнд хүнс, ялангуяа хүнсний үйлдвэрлэлийн асуудлаар үеийн үед баримтлах үндсэн зарчим, чиг бодлоготой байх
  • Гол нэрийн бүтээгдэхүүний орцод юуг нэмэгдүүлэх, юуг багасгах, юуг хориглох зэрэг шийдвэрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн гаргадаг, шинэчлэн сайжруулдаг байх 
  • Өргөн хэрэглээний хүнсний бүтэц найрлагыг тогтмол шинжлэн судалж суурьмэдээллийн бааз, үндэсний лавлагаатай болох
  • Эко, био технологийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх замаар түүхий эдийн нөөц,байгалийн сэргээгдэх баялгийг зохистой ашиглах 
  • Үндэсний брэндийг буй болгох хөгжүүлэх, дэлхийн зах зээлд таниулах, түгээх 

гэх мэт шийдвэрлэх олон асуудал байна. Гэтэл эдгээр асуудлыг хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчний нөөц, техник технологийн суурь нөхцөл ч хангагдаагүй байгаа тул бидэнд “өндөр тунгийн эрчимт эмчилгээ” зохицуулалт, Төр засгийн шийдвэртэй зөв бодлого, бодит дэмжлэг, харилцан уялдаатай, нэг зорилготой, хамтын шуурхай ажиллагаа шаардлагатай байна.

Дотоод нөөц бололцоо, гадаад дэмжлэг тусламжид суурилан салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулах, зэрэг дэвтэй болгох, цалин үнэлэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ био технологид суурилсан технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшүүлэх, тодорхой нарийн асуудал, чиглэлээр гадаадын их дээд сургуулиудад бодлого, төлөвгөөтэйгөөр оюутан сургаж өндөр боловсролтой өргөн мэдлэгтэй чадварлаг инженер мэргэжилтнүүд бэлтгэмээр байна. 

Мөн юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний чанар, баталгаат байдалд шинжилгээ хийх, судлах олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай болох нь экспортыг тэлэх угтвар нөхцөл /шинжилгээний лаборатори, эрдэмтэн судлаач, шинжээчид, хянан баталгаажуулалтын экспертүүд гм/-ийн хамгийн гол зангилаа асуудал бөгөөд үүнийг шийдсэнээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дотооддоо шинжлэн, экспортлогч орны шаардлагын түвшинд хянан магадалгаа хийж, өөрсдөө үнэ, чанараа санал болгож, нотлон баталгаажуулах боломж бүрдэнэ.

Нэг үеэ бодвол манай улсын хувьд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг лабораториуд олширч, багаж тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа ч лабораториудад суурилуулсан өндөр мэдрэмжид багаж төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй, эдгээр багаж дээр ажиллах өндөр мэргэшсэн шинжээч ажилтнууд дутагдалтай хэвээр байна. Лабораториудад тодорхойлж буй үзүүлэлтүүд нь ихэнхдээ ижил чийглэг, уураг, тослог, нүүрс ус, үнслэг зэрэг чанарын хяналтын энгийн үзүүлэлтээс хэтрэхгүй байна. Энэ асуудлыг үр тариа, гурилын дэд салбараар төлөөлүүлэн авч үзвэл:

Манай улс гурилын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж улмаар гадаадзах зээлд экспортлох боломжтой тухай салбарын удирдлага, мэргэжилтнүүд ярьж байна. 

Тэгвэл экспортлох үр тарианыхаа чанарыг өөрсдөө баталгаажуулж үнээ тохирох, эрүүл хөрсөнд ургасан үр тарианы өвөрмөц онцлог давуу чанаруудыг нарийвчлан тогтоож таниулан сурталчлах, органик гэдгийг баталгаажуулахаас ажлаа эхлэх нь чухал.

Мэдээжийн хэрэг экспортлогч орнууд зорилгоо тодорхойлж, зорилгодоо нийцсэн чанартай үр тариа авахын тулд өөрийн шаардлагуудыг тавих бөгөөд үүнд хоёр тал ижил арга зүйгээр тодорхойлсон үр дүнгүүд шаардах тохиолдол ч гарна. 

Үр тарианд стандарт үзүүлэлтүүдээс гадна физик технологи шинж чанарын олон үзүүлэлт тухайлбал, нойтон цавуулгийн хэмжээ чанар, хуурай цавуулгийн хэмжээ чанар, уналтын тоо, ус холбох чадвар, ферментийн идэвх, зуурмаг бүрэлдэх хугацаа, зуурмагийн уян харимхай чанар, гурилын өнгө, гарц, талх болох чанар, цардуулын мөхлөгийн байдал, пестицидийн үлдэгдэл, хүнд металл, цацрагийн бохирдол зэрэг үзүүлэлтүүдийг орчин үеийн багажаар, батлагдсан аргазүйн дагуу тодорхойлсон байх шаардлага тулгарна. 

Өөрөөр хэлбэл экспортлогчийнхоо түвшинд чанарын хянан магадалгаа хийх чадвартай байх ёстой. Гэтэл манай улсын хэмжээнд үр тарианд шинжилгээ хийж буй лабораториуд бүгд нийлээд ч шаардлагатай үзүүлэлтүүдийг бүрэн тодорхойлох чадамжгүй байна. 

Дээр нь үр тариагаа органик, байгалийн гаралтай цэвэр болохыг нотлох судалгаа шинжилгээний ажлууд гүйцэтгэж, үр тарианд макро, микро элемент болон амин дэм агууламж, биологийн идэвхт нэгдэл, тэдгээрийн идэвх зэргийг тодорхойлж сурталчлан давуу байдлыг бүрдүүлэх боломж байна. 

Энэ хүрээнд лабораторийн багаж төхөөрөмж нийлүүлэх болон ажилтнуудыг сургаж дадлагажуулах асуудлаар Туркийн “Фуд плант” компани, Герман улсын Дэйтмольд хотын Үр тарианы эрдэм шинжилгээний хүрээлэн, Үр тариа-талх, гурилан бүтээгдэхүүний шинжилгээний нэгдсэн лаборатори зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах саналууд ч бэлэн байна. Зөвхөн үр тарианы дэд салбарт төдийгүй хүнсний бусад салбаруудын хувьдч дээрхийн адил анхаарч шийдвэрлэх олон асуудал байна.


Эх сурвалж: Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтийн
Гүйцэтгэх захирал, Хүнсний инженер технологч, док. Ph Г.Оюун