Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг нар гарын үсэг зурав.  Хүүхдийн хэл ярианы хөгжлийг хамгаалах, дэмжих төрийн бодлогын хэрэгжилтийг уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулахын зэрэгцээ хэл засалч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.


Түүнчлэн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлгийн тогтолцоонд хэл ярианы хөгжлийн үнэлгээг нэвтрүүлэх, хөгжлийн хоцрогдол болон эрсдэл илэрсэн хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлахаар тусгажээ.


Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулан хүүхдийн хэл ярианы хөгжил, эх хэлний орчныг дэмжих зөвлөмж боловсруулах, хэл заслын үйлчилгээний чиглэл, стандартыг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин ажиллах юм.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжиж, хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь тэдний цаашдын хөгжил, суралцах чадвар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд энэхүү санамж бичиг нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил болон эх хэлний орчныг цогцоор нь дэмжих салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгааг ЭМЯ мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.