Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор удаа дараа шалгалт хийсээр байна.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ГХХБГ, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумын нутагт хяналт шалгалт хийжээ. 

Хяналт шалгалт хийх явцад зохих зөвшөөрөлгүйгээр бичил уурхайгаар хууль бусаар алт олборлох зөрчилд ашигласан техник хэрэгсэлээ нуух, далдлах эзгүй хаяж хяналт шалгалтаас зайлсхийж зугтах асуудлууд гарсан байна.

Тухайлбал Толгойт, Агуйт гэх газарт ууланд далдалж нуусан экскаваторууд, угаах төхөөрөмжүүдийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, албадан буулгах арга хэмжээ авчээ.

Энэхүү хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр алт олборлосон хэргийн эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажил үргэлжлэн хийгдэж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.