Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 11, 2025
Хөвсгөл аймаг 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд Мөрөн хотын яндан, зуухны 30 хувийг буулгах, шинээр дулааны станцыг Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр барих, 12 км зам шинээр барьж, 5 уулзварыг өргөтгөх, соёл амралтын хүрээлэнг бүрэн шинэчлэх, 5200 модтой 5,5 км ногоон зурвас байгуулах гээд нэн тулгарсан асуудлаа шийдвэрлэх, амьдрах орчноо сайжруулж, өрхийн амжиргааг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтууд багтжээ.
“2025-2028 онд 238 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр хөрөнгө оруулалтаа шийдэж байна. Үүнээс 35,5 тэрбум төгрөгийг анх удаа аймаг өөрийн хөрөнгөнөөс санхүүжүүлж байна. Гол нь төрийн, төрийн бус байгууллага, айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хамтарч түншилж байж үр дүнд хүрнэ” гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Тухайлбал Мөрөн сумын 2400 айлыг дулааны нэгдсэн шугам сүлжээтэй холбох төсөв хөрөнгөө Хөвсгөл аймаг өөрөө бүрдүүлж, шугам хоолойгоо тавиад эхэлсэн байна. Мөн 14 мегаваттын хүчин чадалтай Дулааны станц барихаар зураг төслийг нь өөрийн хөрөнгөөр хийсэн, барилгын ажлаа 2026 онд эхэлнэ гэлээ.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 41 мянган өрх, 137 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Мөрөн хот нь хүн амынхаа тоогоор мөн улсад хоёрдугаарт ордог.
Уул уурхайгүй, томоохон үйлдвэргүй, улсад хамгийн олон малтай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлээс орлогоо бүрдүүлж, ажлын байраа хангадаг онцлогтой. Тиймээс ч Хөвсгөл аймаг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжин санхүүжүүлэхэд анхаарч, 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж нийт 17 тэрбум 125 сая төгрөгийн зээл санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Мөн нарийн ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангах зорилт дэвшүүлж өрхийн хүлэмжийн аж ахуйг дэмжиж эхэлжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн төлөвлөгөө, нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын агаарын бохирдол, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Мөрөн хотын зүүн захад 5,5 км-т ногоон зурвас байгуулах, айл өрх бүр хашаандаа 10 мод тарьж, ургуулсан мод тус бүртээ 50 мянган төгрөгийн урамшуулал авах хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр 2028 онд хашаандаа модтой айл өрхийн тоо 2 дахин өсөж, 46 мянга давах боломжтой гэж тооцсоноо танилцууллаа.
Эхний ээлжинд 2200 айл өрхийг дулаан, халуун устай холбоно
Хөвсгөл Дулааны станц ТӨК-ийн ерөнхий инженер Ш.Нямханд:
“Мөрөн сумын 6, 7, 12, 13, 14 -р багийн 2200 айлыг дулааны шугамд холбох ажил ид явагдаж байна. Энэ ондоо багтаад дөрвөн цэгийн ажил дуусна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг дулаан шугам сүлжээнд айл өрхийн холбох, иргэдээ идэвхжүүлэх нөлөөллийн ажил хийж байна. Нэг гудмын айл өрхийн 60-аас дээш хувь нь ус, дулаанаа хэрэглэж байж бид алдагдалгүй түгээх боломжтой болно. Тиймээс иргэд, айл өрхөд дулаан шугам сүлжээндээ холбогдоход шаардагдах зүйлс, арга техникийн мэдээллийг шуурхай өгч, зөвлөж ажиллаж байна.
8*8 харьцаатай байшинтай айл дунджаар нэг өвлийг давахад 1500 000-1800 000 төгрөгийн түлээ, нүүрс түлж байна. Гэтэл дулааны тариф нэг мкв нь одоо мөрдөж байгаа ханшаар кв метр нь 660 төгрөг, нэмэгдээд 1100 төгрөг болоход сард 70 000, нийт өвлийг давахад 560 000 орчим төгрөгийн зардал нэг өрхөөс гарна.
Бид дулаан, халуун усны шугамыг гудамд нь хүргэж суурилуулаад айл өрхүүд өөрсдөө хашаа гэрлүүгээ татна. Шугамаа татаж авахад нэг айлаас дунджаар 10 сая төгрөг гарч байна. Ингээд нэгдсэн дулаан халаалттай болчихвол айл өрхийн зардал буурч, галын эрсдэлгүй, тав тухтай амьдрах боломж Мөрөнгийн оршин суугчдад бүрдэнэ.
Манай “Хөвсгөл” дулааны станц өнөөдрийн байдлаар нийт 3300 хэрэглэгчийг дулаан, хэрэгцээний халуун усаар хангаж байна. 2018 оноос хойш хөөцөлдөж байж энэ онд улсын төсвийн хөрөнгө 19 тэрбум төгрөгөөр нэг зуухаа өргөтгөж байна. Ажил 34 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр ирэх онд дулааны станц барихаар зураг төсвөө хийгээд байгаа.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.93] ・ 2025.06.11 Хариулах
Ulsiin tusbiin hurungu oruultaar shoudahaa boli. Aimgaa hogjvvleech, nutgiinhaa tolgoi ajillahgvi uuriinhuu DB tugssun hob, hor nairuulagch medleggvi manuuhai toiruulchihaad.