Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 26 настай иргэн албан үүргээ гүйцэтгэж байгаад Хөвсгөл нууранд живж амь насаа алджээ. 

Тэрбээр Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч бөгөөд “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэхээр 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болсон юм.

Энэ сарын 3-ны өдөр алга болсон түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч нарын нийт 33 хүн, 9 автомашинтайгаар эрэн хайжээ.

Аврагчид 4 удаагийн гүний шумбалт хийж, нуурын 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон гарган авсан байна.

Эх сурвалж: ОБЕГ