“Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 дугаарын утсаар хүлээн авч зөвлөгөө зөвлөмж өгч ажилладаг.

Энэ оны 1 сараас энэ сарын 21-нийг хүртэл нийт 2760 иргэн хандсан байна. Үүнээс,

-Өргөдөл, гомдлын шинжтэй 713,

-Санал, мэдээллийн шинжтэй 540

-Зөвлөгөө зөвлөмж хүссэн 1507 иргэнийг холбогдох зөвлөгөө, зөвлөмжөөр ханган, иргэдийн 32.969.300 төгрөгийн хохирлыг барагдуулж ажиллажээ.

Мөн ойрын өдрүүдэд хямдралтай худалдаа нэлээн явагдаж байгаатай холбогдуулан анхааруулга гаргажээ. Иргэд уг худалдаатай холбоотой санал гомдлоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 1800-1284 утсаар хэлж болох юм байна.

ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДААНД ЗОРИУЛСАН анхааруулга, зөвлөмж

Олон нийтийн баяр, тэмдэглэлт өдрийг угтан аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, ажил, үйлчилгээндээ тодорхой хямдрал зарлаж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийг зөрчлөөс урьдчилан сэргийлж дараах, зөвлөмж мэдээллийг хүргүүлж байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар:

1. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй; 

2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно; 

3. Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироохыг хориглоно; 

4. Аж ахуйн нэгж, байгууллага нь хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийн төөрөгдөлд оруулахыг хориглосон байх тул бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагыг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна. 

Мөн иргэд, хэрэглэгчдийг олон нийтийн баяруудаар зарлагдаж буй бараа, бүтээгдэхүүний хямдралын сурталчилгаа, мэдээлэлд хариуцлагатай хандаж, хэрэглэгчийн эрхийн дагуу бодит мэдээллийг нягтлан худалдан авалт хийхийг зөвлөж байна.