МХГ-аас Налайх дүүргийн 3-р хороо, Уурхайн бүсэд байрлах арматурын үйлдвэрлэл эрхлэгч “Ю Би Метал Маркет” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар үйлдвэрлэлийн явцад агаар бохирдуулагч утаа, угаар ихээр ялгаруулж ажилчид болон үйлдвэрийн бүс, орчинд сөргөөр нөлөөлсөн, ажилчдын байр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохирдол их, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгоогүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж нь стандарт шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, ажил олгогч нь ажилчдыг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаагүй нь тогтоогджээ. 

Үүнээс гадна БНХАУ-ын 11 иргэнээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан ба тэдгээрийн 5 нь ажил гүйцэтгэх “HG”ангилалын визтэй, 6 иргэн нь зөвшөөрөлгүй байсныг тогтоож дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зөвшөөрөлгүй иргэдийг Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлсэн байна. Эдгээр зөрчлийн улмаас тус компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.