Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй түүхэнд анх удаа хүний үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн тухайгаа мэдэгджээ. Энэ тухай “The Telegraph” сонинд мэдээлсэн байна. 

Тус сонинд мэдээлснээр, тэрбээр нөхөн үржихүйн эмчилгээ хийх явцдаа долоон хос үр хөврөлийг өөрчилсөн боловч одоогоор зөвхөн нэг жирэмслэлт үр дүнгээ өгсөн нь 11 дүгээр сард мэндэлсэн хоёр ихэр охин аж. Эрдэмтний ярьснаар, түүний гол зорилго нь удамшлын өвчнийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх бус харин жирийн хүмүүст байдаггүй ХДХВ болон ДОХ-ын халдварыг эсэргүүцэх чадварыг бий болгох юм. 

Эрдэмтний явуулсан туршилтад оролцсон эрчүүд бүгд ХДХВ-ийн халдвар авсан байсан бол эмэгтэйчүүд нь эрүүл байжээ. ХДХВ-ийн халдварыг үр дүнтэй эмчлэх явцад хүүхдэд уг вирус халдахгүй байх боломжтой гэдгийг тэрбээр хэлсэн байна. Гэхдээ түүний туршилтын гол зорилго нь хүүхдийг ирээдүйд халдвар авахаас хамгаалахад чиглэсэн аж. 

“The Telegraph” сонинд мэдээлснээр, Хятадын эрдэмтний судалгааг бусад эрдэмтэн шалгаагүй байгаа учир шинжлэх ухааны хэвлэлүүдэд нийтлээгүй байна. 

Доцент Хэ Зянькуйг 2021 оны нэгдүгээр сар хүртэл албан тушаалаас нь түр хугацаанд цалинтай чөлөөлсөн гэж Шэньжэн хотын Шинжлэх ухаан, техникийн өмнөд их сургууль энэ оны хоёрдугаар сарын 2-нд мэдэгджээ. 

Генийг өөрчлөх технологийг хүний үр хөврөлд ашиглах нь шинжлэх ухааны ёс суртахууны зарчмууд хийгээд практикийг бүдүүлгээр зөрчсөн явдал юм гэж тус их сургууль мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti