Ким Жон Ун: “Ширээн дээр минь цөмийн бөмбөгийн товчлуур бий”

Г.Сайнзаяа
01 сарын 02, 2018

Умард Солонгосын удирдагч, Генерал Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ цөмийн бөмбөг ачааллах товчлуур “ширээн дээр минь байсаар байгаа” хэмээгээд АНУ хэзээ ч дайн эхлүүлж чадахгүй гэжээ. Телевизээр цацсан энэхүү мэндчилгээнд Америкийн газар нутаг бүхэлдээ Умард Солонгосын цөмийн зэвсгүүдийн байнд байгаа “Энэ бол заналхийлэл биш, бодит байдал” хэмээв. 

Ноён Ким Өмнөд Солонгостой эвлэрч магадгүйгээ илэрхийлээд “хэлэлцээ хийхэд бэлэн” гэсэн. Умард Солонгос Сөүлд болох Өвлийн олимп руу баг тамирчдаа илгээх магадлалтай байна. 

Ноён Кимийн мэдэгдлийг юу гэж бодож байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас асуухад “Харин л дээ” хэмээжээ. Тэрбээр Флоридагийн Мар-а-Лаго дахь эдлэндээ тэмдэглэсэн Шинэ жилийн үдшийн цэнгүүний үеэр сэтгүүлчдэд ийнхүү хариулсан юм. Умард Солонгос өнгөрсөн жилийн хугацаанд цөмийн бөмбөг, тив хоорондын пуужингийн хөгжүүлэлтээсээ болж олон улсын шүүмжлэлийг хүртэж, олон хориг тавиулсан. Хийсэн мэдэгдлээрээ ноён Ким цөмийн зэвсгийн хөтөлбөрт голчлон анхаарна, зорилгодоо хүрэхэд ойртсон байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Умард Солонгос цөмийн бөмбөг, баллистик пуужингаа олноор үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэв. 

Ноён Кимийн Америкийн талаар хэлсэн үг, баримталсан байр суурь хатуу хэвээр дууссан. Харин хөрш Өмнөд Солонгосын талаар ярихдаа зөөлөн байлаа. Тодруулбал, “2018 он Умард болон Өмнөдийн хувьд чухал ач холбогдолтой байх болно. Умард үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, Өмнөд Өвлийн олимп зохион байгуулна. Хоёр улсын царцсан харилцааг гэсгээж, түүхийн хуудаснаа чухал жил болгон үлдээх болно” хэмээв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Бид Умард Солонгостой ярилцахад хэзээд бэлэн. Үүнийгээ ч үргэлж илэрхийлсээр ирсэн. Солонгосын арал дахь хурцадмал байдлаа намжааж, энхтайвныг цогцлоох арга зам олно гэж найдаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.