ПЁНЬЯН. /ТАСС/. БНАСАУ удахгүй стратегийн шинэ зэвсэг танилцуулна гэж тус улсын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны бүгд хуралдааны үеэр мэдэгдсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KSNA/ мэдээлжээ. 

БНАСАУ-ын эзэмших стратегийн шинэ зэвсгийг дэлхий ертөнц удахгүй харах болно гэж Ким Жөн Ун батлан хэллээ гэж “KSNA“ агентлагийн мэдээнд дурдсан байна. 

БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр, хэрэв АНУ Пёньяны талаар баримталж буй дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол БНАСАУ стратегийн зэвсгээ үргэлжлүүлэн бүтээнэ. “Стратегийн зэвсэг бүтээх ажлыг илүү идэвхтэй хийх шаардлагатай. Дайсагнасан үйлдлүүд урьдын адил нэмэгдсээр, цөмийн аюул занал, сүрдүүлэг улам эрчимжиж байна. Ийм нөхцөлд эдийн засгийн бодит амжилтад хүрэхийн тулд аюулгүй байдлыг орхиж болохгүй" гэж тэрбээр мэдэгджээ. 

Пёньянтай хийж буй яриа хэлэлцээг өөрийн зорилгодоо ашиглахыг АНУ-д зөвшөөрөхгүй гэж Ким Жөн Ун нэмж хэлсэн байна. 

Бүгд хуралдааны үеэр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга мөн цөмийн тогтоон барих арга хэмжээнийх нь цар хүрээ АНУ-ын цаашдын алхмуудаас шууд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг