БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Вьетнамаас буцах замдаа БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж магадгүй байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.

Ким Жөн Ун ирэх бямба гарагийн өглөө Вьетнамаас явах бөгөөд нутаг буцах замдаа Бээжин хотод айлчилж магадгүй байна. Бээжин хотод тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Ханой хотод хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар Си Жиньпинд мэдэгдэх төлөвтэй байна.

АНУ, БНАСАУ-ын Ханой хотод хийсэн уулзалт өнгөрсөн пүрэв гарагт дууссан юм. Уулзалтын дүнд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй билээ. Хамтарсан баримт бичигт талууд гарын үсэг зурахаас татгалзсан хэдий ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС