ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах төлөвтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар болон дипломат эх сурвалжуудын “NHK” сувагт мэдээлснээр, энэ сарын эхээр БНАСАУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Владивосток хотноо айлчилсан ажээ. Урьд нь олон улсын томоохон бага хурал зохион байгуулж байсан их сургууль дөрөвдүгээр сарын 24-өөс айлчлалтай холбогдуулан хоёр өдөр хичээллэхгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Үүний зэрэгцээ БНАСАУ-ын төрийн өмчит агаарын тээврийн “Air Koryo” компани дөрөвдүгээр сарын 23-нд Владивосток хот руу товлоогүй нислэг үйлдэх гэж байгаа ажээ. 

В.Путин дөрөвдүгээр сарын 25-нд Бээжин хотноо олон улсын уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Ажиглагчдын үзэж буйгаар, Ким Жөн Уны айлчлал уг хугацаанаас өмнө болж магадгүй байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон Ким Жөн Ун, Дональд Трамп нарын уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ. 

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулах хэрэгтэй гэж бусад оронтой маргаан өрнүүлдэг В.Путинтай Ким Жөн Ун харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн В.Путин БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээнд ОХУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийг эрмэлздэг хэмээн ажиглагчид үзжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг