Ким Кардашиан Kimono Intimates нэртэй галбир засах дотуур хувцасны брэндээ танилцуулсан боловч япончууд үүнд нь тийм ч тааламжтай хандсангүй. Тэрбээр “эмэгтэй хүний бие галбирыг үзэсгэлэнтэй харагдуулах” зорилготой шинэ бүтээгдэхүүн гаргаж буй. Гэтэл энэхүү брэндийн нэр үндэсний соёл уламжлалыг нь доош татсан хэрэг хэмээн япончууд сошиал медиагаар бухимдлаа илэрхийлсэн юм. 

Кимоногийн түүхийг товч дурдвал, XV зуунд Японд үүссэн, өргөн ханцуйтай, өргөн бүсээр бүсэлсэн урт халат бөгөөд зөвхөн тэмдэглэлт өдөр хүндэтгэл болгон өмсдөг. “Галбир засах дотуур хувцас кимонотой ямар ч хамааралгүй. Нэр нь орсон болохоор л ийм нэр сонгосон. Үүний цаана ямар том утга илэрхийлэл, соёл агуулагдаж байгааг тэр огт бодолцоогүй, хүндлэл үзүүлсэнгүй” хэмээн Японы иргэн Юка Охиши BBC агентлагт ярьжээ. 



Ким өнгөрсөн онд “Kimono Body”, “Kimono Intimates”, “Kimono World” зэрэг нэрийг брэндийнхээ дор өмчлөн авсан аж. Соёлын асар том энэ илэрхийлэлийг дотуур хувцасны худалдааны тэмдэг болгосонд бухимдах нь аргагүй биз ээ. 

Кимоно угтаа бол эмэгтэйчүүдийн биеийг далдлах учиртай. Гэсэн атал хувьчилж, цаашлаад хүмүүс кимоно гэхээр Япон биш Ким Кардашиан санаанд нь буудаг, интернетийн хайлтаар дотуур хувцас гарч ирдэг болно гэх айдастай хүн олон байна.