Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцсэн ба нийслэл дэх амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулах, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг чиглэл өглөө. Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглавал эрхийг нь цуцлахыг Хотын даргад даалгав." гэлээ.

Мөн Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. 

Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн. 

Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа. 

Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ.

Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн" гэлээ.