Франц Улсад 2020 онд коронавирусын халдвар авсан шинэ тохиолдол 36437 /нийт 1235132), нас баралтын тоо 244 /нийт 35785) болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд шилжсэн иргэдийн тоо 127 хүнээр /нийт 3045/ өсөв. 

Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон иргэддээ хандаж 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээний бүрэн хөдөлгөөн хязгаарлалтыг тогтоохоор шийдвэрлэж байгааг мэдэгдэв. 

Уг хязгаарлалтын үед

✔ хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд /бага, дунд, ахлах сургууль/,

✔  буяны үйлчилгээ /оршуулга/ үзүүлэх байгууллагууд, зах,

✔  худалдааны байгууллагууд /хүний өдөр тутмын амин чухал хэрэгцээг хангах/,

✔  зочид буудал, банк, эмийн сан, хоолны хүргэлтийн үйлчилгээ, шуудан, зарим шаардлагатай төрийн үйлчилгээний байгууллагууд, 

✔ парк, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн тээвэр, такси үйлчилгээнүүд хэвийн явагдахаар төлөвлөгджээ. 

Мөн иргэн агаарт гарах зорилгоор оршин суугаа газраас 1 километрийн тойрогт өдөр нэг цагийн хугацаанд гарч болох ажээ.

Харин их сургууль, бар, ресторан, кафе, зарим төрлийн худалдааны байгууллагууд /хүний өдөр тутмын амин чухал хэрэгцээний бус/, кинотеатр, концертын танхим хаагдах ба хурим, олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ хориглож иргэн өөрийн амьдарч буй мужаас /баярын амралтаас буцаж ирж байгаагаас бусад бүх нөхцөлд/ гарах хөдөлгөөн хийхийг зөвшөөрөхгүй. 

Түүнчлэн иргэд хүндэтгэх шалтгаанаар /хүүхдээ сургууль хүргэх, эмнэлэгт үзүүлэх г.м/ гадагш гарсан нөхцөлд зайлшгүй амны хаалт зүүх, гэрчлэх хуудас /attestation/ бөглөх журам хэвээр үйлчилнэ. 

Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий сайд Ж.Кастекс Францын хууль тогтоох дээд байгууллагад авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөгөө танилцуулж буй. 

Мөн өнөөдөр 18.30 цагт Засгийн газраас иргэдэд хөдөлгөөн хязгаарлалтын үед авах арга хэмжээг нарийвчлан танилцуулахаар төлөвлөгджээ.